Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Говь-Алтай аймгийн Хасагт хайрхан, Дарвийн нуруу, Увсын Цагаан шувуут, Түргэн, Баян-Өлгийн Сайр уул, Хатуугийн, нуруу, Ховдын Жаргалант, Бумбат хайрхан орчимд нутагладаг малчдын хүүхдүүдэд зориулж “Сайр уул шувууны нүдээр” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Цоохор ирвэс бүхий нутагт амьдардаг хүүхдүүдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, биологийн олон янз байдлын талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах нь тус хөтөлбөрийн зорилго аж. “Уулын эзэн”-тэй ойр амьдардаг хүүхэд багачууд 10 хоногийн хугацаанд Харасу, Жират, Сухайт, Цагаан гол гэсэн дөрвөн ам бүхий өртөөгөөр аялж, амьтан, ургамал, ус, уур амьсгалын өөрчлөлтийг судалж, малчин өрхүүдийн нийгэм, эдийн засгийн байдалтай танилцах нь. Тэрчлэн өөрийн сурч мэдсэн, үзэж танилцсан зүйлсээ амьдран буй газрынхаа хүмүүстэй хуваалцаж, түгээх “сургагч багш”-ийн үүрэг хүлээхээрээ онцлог.