ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хороо нь баримтат өвийн хадгалалт, хамгаалалт, хүртээмжийг сайжруулах зорилгоор буцалтгүй тусламжийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлдэг аж. Уг тэтгэлэгт хөтөлбөрт энэ жил “Залуу монгол судлаачдын эрдмийн хэлхээ нийгэмлэг” төрийн бус байгууллагын “Монголчуудын аж ахуй соёл, зан үйлд холбогдох судар номын нэгдсэн бүртгэл” төсөл шалгарч, 5000 ам.долларын буцалтгүй санхүүжилт авахаар болжээ. Тус байгууллагын төслийн зорилго нь монголчуудын уул, усны тахилгын, хурдан морины шинжийн судар, эртний уран зохиол болон гэрийн сургаалын зохиолуудыг бүртгэн баримтжуулж, цахим сан бүрдүүлэх аж. Монголчууд бичиг үсэг, ном, судрын арвин сан хөмрөг, баялаг дурсгалтай ч тэдгээрийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн хадгалж, хамгаалах арга хэмжээ хомс байдаг. Өөрөөр хэлбэл, нийгэм, соёл, эдийн засгийн олон хүчин зүйлийн нөлөөгөөр баримтат өв, Монголын түүх, соёлд холбогдох судар, номууд үрэгдэх эрсдэл өндөр байгаа юм. Үүнээс сэргийлж, соёлын өвүүдээ бүртгэн баримтжуулах шаардлага үүсээд байгаа нь ЮНЕСКО-гоос монгол залуусын төслийг дэмжих үндэслэл болжээ. Ташрамд дурдахад, хүн төрөлхтний түүх, соёлын үнэт дурсгалууд хуучрах, алдагдахаас сэргийлэх, тэдгээрийг хадгалан хамгаалах зорилгоор ЮНЕСКО-гоос 1992 онд “Дэлхийн дурсамж” хөтөлбөрөө эхлүүлжээ.