Улсын хэмжээний сургуулиудын 517 багшийг англи хэлний зуны эрчимжүүлсэн сургалтад хамруулж байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Сургалтыг хэсэгчилсэн байдлаар буюу 18 аймаг, гурван дүүрэгт зохион байгуулж буй юм байна. Засгийн газрын 2021 оны Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээний тухай 372 дугаар тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын энэ оны А/145 дугаар тушаалаар баталсан Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу сургалт явуулж байгаа гэнэ. Дээрх тогтоол, тушаалын дагуу мөн ахлах ангийн сурагчдад зориулсан “Welcome” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь нэг жилийн хугацаатай, англи хэлний эрчимжүүлсэн сургалт юм байна. Ерөнхий боловсролын 20 сургуульд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж. Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө хоёр жилийн хугацаатай бөгөөд үүний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын мэдлэг, чадварыг ахиулах хэд хэдэн төсөл, хөтөлбөр, сургалт зохион байгуулахаа Боловсролын ерөнхий газраас мэдээлсэн. Тухайлбал, англи хэл сайн эзэмшсэн сурагчид бусдадаа зөвлөж, хамтран суралцах “Зөвлөгч/ ментор сурагч” хөтөлбөрийг 50 сургуульд хэрэгжүүлэх нь. Мөн математик, байгалийн ухааны хичээлийг англи хэлээр заах багш нарыг мэргэшүүлэх сургалтад хамруулах гэнэ. Эдгээр ажлаа дотоодын холбогдох байгууллагууд, мэргэжлийн холбоод, гадаад хэлний төвүүдтэй хамтран хэрэгжүүлэх аж.