Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумд уржигдар зохион байгуулсан уралдааны үеэр 10 настай охин мориноос унаж нас баржээ. Хязаалан насны морины уралдааны үеэр хүүхэд нас барсан бөгөөд эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ эндсэн аж. Үүнтэй холбоотойгоор аймгийн цагдаагийн байгууллага болон бусад холбогдох албаныхан газар дээр нь шалгалт явуулж, нөхцөл байдлыг тодруулж буйг өчигдөр мэдээлсэн. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас үүний талаар тодруулахад “Уралдаан Түвшинширээ сумын II багийн нутагт болсон. “Өлзийт хурд” галын 10 жилийн ойд зориулсан уг уралдааныг зохион байгуулах зөвшөөрлийг сумын Засаг дарга энэ сарын 21-ний А/67 дугаар захирамжаараа олгожээ. Үүнд Сүхбаатар аймгийн Уулбаян, Халзан, Дорноговийн Дэлгэрэх сумаас уяачид ирж оролцсон. Уулбаян сумаас ирж оролцсон уяачийн охин хязаалан насны уралдаанд аавынхаа морийг унаж яваад осолдсон байна. Энэ насны уралдаанд 68 морь уралдуулжээ. Тухайн үед гараанаас 300 гаруй метр зайд хүүхэд осолдсон харамсалтай явдал боллоо. Орон нутгаас бидэнд ирүүлсэн мэдээллээр бол хүүхэд хамгаалах хувцас, хэрэгслээ стандартын дагуу бүрэн өмссөн, даатгалд хамрагдсан байсан. Манай газраас улсын хэмжээнд зохион байгуулж буй бүх уралдаанд хяналт тавьж ажиллаж байгаа” гэж Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү хэллээ.
Хүний эрхийн үндэсний комиссоос хурдан морины уралдаануудын үеэр хяналт тавьж, холбогдох байгууллагуудад зөвлөмж, шаардлага хүргүүлж буй, эсэхийг тус байгууллагын дарга Ж.Хунангаас тодруулахад “Баяр наадмын хурдан морины уралдаануудад ХЭҮК-оос бүрэн хяналт тавьж ажилласан. Түүнчлэн наадмын дараа болох “Их хурд” болон бүсийн чанартай томоохон уралдаануудад хяналт тавьж байгаа. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн удирдлага болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт зөвлөмж хүргүүлсэн. Сүхбаатар аймагт болсон уралдаан нь орон нутгийн чанартай байсан учраас манай байгууллагаас газар дээр нь ажиллаагүй. Хэдий тийм боловч орон нутгийн холбогдох албаныханд зөвлөмж хүргүүлсэн байсан” хэмээв.