Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газар, бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран “Даншиг наадам-Хүрээ цам-2022” шашин, соёлын наадмыг ирэх сарын 6, 7-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар болжээ. Наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд явуулдаг уламжлалтай болсон уг арга хэмжээний хөтөлбөрт лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх болон балин, тосон урлалын тэмцээн багтдаг. Мөн цам харайх, маани татах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин, соёлын эд зүйлсийн үзэсгэлэн худалдаа зэрэг олон арга хэмжээ зохион байгуулдаг. Даншиг наадмын үеэр хүчит 256 бөх барилдаж, даага, их нас болон жороо морьд уралдуулна. Бас морьтой харваачдын “тулаан” ч болох аж.
Уг наадмын үзүүштэй нэгэн хэсэг нь цам харайх бөгөөд сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын компаниуд зочдодоо харуулдаг болж буй юм. Очирваань бурхан, хошин дүр бүхий цагаан өвгөн, нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин нүүрний баг, өмсгөл агсаж, ур хийц нарийн, гоёмсог чимэг зүүлт, хэрэгслээрээ гоён гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг нь цам харайх бүжгийн онцлог байдаг.
Даншиг наадмыг анхлан 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үед зохион байгуулсан түүхтэй аж. Сүүлийн жилүүдэд уг наадмыг сэргээснээр Монголын шашин, соёлын томоохон арга хэмжээ, аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийн нэг болоод байна.