Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургууль өчигдөр эхэллээ. Эл сургууль нь Монгол судлалын залгамж холбоог бэхжүүлж, судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл, соёлоо сургах зорилготой юм. 2022 оны сургуульд АНУ, ОХУ, Япон зэрэг 10 улсын 17 их сургуулийн 30 судлаач хамрагдахаар ирснийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв. Энэ удаагийн сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт болон эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр орчинд нийт 14 хоног зохион байгуулах аж. Түүнчлэн судлаачид хөдөө малчны ахуй амьдрал дунд монгол бичгийн болон ярианы хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ Улаанбаатарт Шинжлэх ухааны академи, МУИС зэрэг эрдэм шинжилгээний гол төвүүдэд зочилж, монгол судлалын нэрт эрдэмтдийн лекцийг сонсох юм байна.
Монгол судлаачид нь Монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг түгээж, биднийг дэлхий ертөнцөд зөвөөр сурталчлах чухал гүүр болдог учраас монгол судлалыг хөгжүүлэх, хамрах хүрээг нь өргөжүүлэх зорилгоор төрөөс тодорхой бодлого боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлж буйг БШУЯ-наас тэмдэглэлээ. Цаашид монгол судлалын зарим чиглэлээр суралцах хүсэлтэй гадаадын оюутан залуусыг МУИС-д тэтгэлгээр суралцуулах, богино хугацаанд магистрант, докторант болгох тэтгэлэгт хамруулах ч боломжтой гэнэ.