Монголбанк энэ оны эхнээс долдугаар сарын 22 хүртэлх хугацаанд 9263.2 кг алт худалдан авсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй ойролцоо дүн аж. Алтны 10 гаруй хувийг дээрх банкны Дархан-Уул, Баянхонгор аймаг дахь хэлтсээс нийлүүлсэн байна. Нэг грамм алт худалдан авах Төвбанкны үнэ өчигдрийн байдлаар 185 000 орчим төгрөг байсан нь жилд 21 000-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэгвэл олон улсын зах зээлд нэг унци буюу 31 орчим грамм алт уржигдрын байдлаар 1727 ам.доллартай тэнцлээ. Ингэснээр уг металлын ханш өнгөрсөн гуравдугаар сараас хойш 300 гаруй “ногоон”-оор буурсан үзүүлэлт болов.