Аялал, зугаалгын улирал ид дундаа орж, орон нутгийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн их байна. Иймд иргэд аялж явахдаа тарваган тахал өвчнөөс сэргийлэх, эрсдэл бүхий газарт анхаарал, болгоомжтой зорчихыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс санууллаа. Манай улсын 17 аймгийн 137 сумын нутагт тарваган тахлын байгалийн голомттой аж. Уг өвчний байгалийн голомт нь дөрөвдүгээр сараас эхлэн идэвхжиж, 8-9 дүгээр сард оргил үедээ хүрдэг байна. Харин аравдугаар сараас голомт нь намждаг гэнэ. Эл өвчний идэвхжлийн оргил үе нь ирэх сараас эхэлж буй тул орон нутагт аялж, зорчиж буй иргэд тарвага агнахгүй, махыг нь идэхгүй байхыг дээрх байгууллагаас анхааруулав. Мөн тарвага, уг амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг зөвлөлөө. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тарваган тахлын байгалийн голомт бүхий газруудад хэсэгчилсэн судалгаа хийж буй гэнэ. Уг ажлын хүрээнд ОХУ-ын холбогдох албаныхантай хамтран Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумын хил орчмын 162 000 га талбайг судалсан байна. Үүний үр дүнд дээрх сумуудын нутагт тарваган тахлын байгалийн голомтын идэвх нэмэгдсэн, эрсдэл өндөр байгааг тогтоосон аж. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд 2020 онд тарваган тахлаар зургаан хүн, өнгөрсөн жил нэг хүн өвчилжээ.