Наадмын өмнөхөн уналт таталтын эм тасарсан тухай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл засгийн газрын гадаа жагсаж, төрөөс уналтын эмийг даахаар болсон. Тэгвэл Герман улсын Деситин эмийн үйлдвэрлэгчийн уналт таталтын эсрэг 9 нэрийн эмийг “Нью ремеди” ХХК 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр импортолж оруулж ирсэн байна. Тодруулбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын зүгээс уналт таталтын эсрэг эм импортлох хүсэлт ирүүлсэн ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрөл, бүртгэл, импортын лиценз олгох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дэмжин ажилласан байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.5, Улсын онцгой комиссын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 19, 07 дугаар сарын 07-ны өдрийн Хүний эмийн зөвлөлийн хурлаар нийт 20 нэрийн эмд импортын лиценз олгох асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүллээ.
Түүнчлэн Төрөөс төлбөрийг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчин эмгэг ба түүнд хэрэглэх эмийн жагсаалтын төсөлд уналт таталтын эсрэг 10 эмийг нэмж оруулахаар ажиллаж байна гэдгийг эх сурвалж мэдээллээ.