Зэвсэгт хүчний Жанжин штабаас эко орчин байгуулах үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд “Жишиг тохижилттой хашаа” төслийг хэрэгжүүлэх үүргийг Төрлийн цэргийн командлалуудад хүргэж, эхнээсээ ажил хэрэг болж байна. Төслийн зорилго нь Төрлийн цэргийн командлал болон Барилга-инженерийн цэргийн удирдах газар тус бүр гэр хороололд амьдардаг нэг цэргийн алба хаагчийг сонгож, бусад цэргийнхэнд жишиг болохуйц тохижилттой хашааг байгуулахад дэмжлэг үзүүлэх юм.
Энэхүү үүргээ Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалынхан биелүүлж, нэгэн ахлагчийнхаа гэр бүлийн амины орон сууц барих ажилд хүн, хүчний дэмжлэг үзүүлж, хашааг нь шинээр барихын зэрэгцээ орчны ногоон байгууламжийг бүрэн шийдэж, усалгаа, тордолгоог өдөр бүр гүйцэтгэж байна. Тус командлалын Удирдлагын байрын ротын гранатомётчин-туслах дэд ахлагч Д.Базарсадыг өөрийн хөрөнгөөр эзэмшил бүхий газартаа 6х8 харьцаатай 3 өрөө амины орон сууцыг барихад нь дэмжлэг үзүүлэхээр Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар ахлагч Ч.Түвшинжаргал (014), дэд ахлагч О.Цолмонбаатар (016), дэд ахлагч Д.Түвшинтулга (120), дэд ахлагч Б.Гансүх (326) нарын барилгачин дайчин өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрөөс барилгын ажлыг эхлүүлсэн юм. Одоогоор барилгын явц 95 хувьтай байгаа бөгөөд дулааны шугамыг холбох ажил үлдээд байгааг тэд дуулгаж байв.