Манай улсад цар тахлын тав дахь давлагаа эхэлж байна гэж эрүүл мэндийн байгууллагуудаас анхааруулав. Коронавирусийн омикрон хэлбэрийн ВА.4, ВА.5 хувилбар тархсаны улмаас шинэ давлагаа үүсэх магадлалтай болсон гэнэ. Ингэснээр сүүлийн дөрвөн сарын турш харьцангуй бага байсан шинэ тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай болжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногоос эхлэн хоногт халдвар авсан хүний тоо 100-гаас давах болсон. Уг үзүүлэлт уржигдар гэхэд 375-д хүрсэн юм. ХӨСҮТ-ийнхний хийсэн судалгаа, шинжилгээний дүнгээр бол өдгөө хоногт илрүүлж буй нийт тохиолдлын 10 хувийг ВА.4, ВА.5 хувилбар эзэлж буй юм байна. Эл үзүүлэлт энэ сарын сүүлчээр 90 хувьд хүрнэ гэж манай эрдэмтэд тооцоолжээ. Халдварын тархалтаас сэргийлэхийн тулд хөл хорио болон хязгаарлалтын дэглэм тогтоохгүй, харин иргэд амны хаалт зүүж, халдвар хамгааллын дэглэм баримтлах нь үр дүнтэйг ЭМЯ-наас зөвлөсөн юм.
Омикроны ВА.4, ВА.5 хувилбараар халдварласан тохиолдолд хоолой өвдөх, хуурай ханиалгах, халуурах, үе мөч өвдөх зовуурь түгээмэл илэрч байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв. Тэр дундаа бага насны хүүхдүүд өвчилсөн тохиолдолд хоол боловсруулах замын эрхтнүүд хямарч, бөөлжиж, суулгах зэрэг шинж тэмдэг илэрч буй гэнэ. Өвчилсөн тохиолдолд хамгийн түрүүнд толгой өвдөх шинж тэмдэг илэрч, дараа нь нус гоожих, хоолой өвдөж хорсох, улмаар юм залгиж чадахгүйд хүрч байгаа гэнэ. Түүнчлэн тасралтгүй ханиаснаас болж уушгины жижиг судаснууд тасарч, цустай цэр гарч буй юм байна. Тус төвийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга О.Сувдмаа “Өвчилсөн хүмүүсийн бусдад халдвар тараах дундаж хугацаа 3-5 хоног байна. Халдвар авсан хүмүүсийн 80-аас дээш хувьд нь шинж тэмдэг тод илэрч буй. Тиймээс халдварын шинж тэмдэг илэрсэн даруйд тав хоног өөрийгөө тусгаарлаж, шинжилгээнд хамрагдах нь зүйтэй. Сүүлийн үед өвчилсөн хүмүүсийн 25 орчим хувийг дахин халдвар авсан иргэд эзэлж байгаа. Ойролцоогоор 190 хоног буюу зургаан сар гаруйн дараа дахин халдвар авч байна. Цаашид 3-4 долоо хоногийн турш халдварын тархалт их байх төлөвтэй” гэв.
Цар тахлын шинэ хувилбараас сэргийлэхийн тулд вакцин хийлгэх нь зүйтэй гэдгийг ЭМЯ-наас мөн мэдээлсэн. Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр энэ талаар “Ковид-19”-ийн эсрэг “Пфайзер” вакциныг 5-11 насны хүүхдүүдэд тарих тушаалыг Эрүүл мэндийн сайд гаргасан. ВА.4, ВА.5 хувилбараар 11-ээс доош насны хүүхэд халдварласан тохиолдолд хүнд өвчлөх, эмнэлэгт хэвтэх, цаашлаад нас барах эрсдэлтэй учраас ийм шийдэлд хүрээд байна. АНУ-д өнгөрсөн оны аравдугаар сараас хүүхдүүдийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Мөн Европын олон оронд хүүхдүүдэд вакцин хийж байгаа” хэмээлээ.
Ташрамд дурдахад, сармагчны цэцгийг онц аюултай өвчний жагсаалтад оруулснаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өчигдөр зарлалаа. Уг өвчин нь өдгөө 75 оронд тархсан бөгөөд 16 000 гаруй хүн өвчилжээ. Мөн таван хүн нас барсан аж. Хэдийгээр халдвар авсан болон нас барсан хүний тоо “Ковид-19”-тэй харьцуулахад цөөн байгаа ч тархалтын хурд өндөр, улмаар гамшгийн түвшинд хүрэх эрсдэлтэйг ДЭМБ-аас анхааруулжээ. Тус байгууллага энэхүү сэрэмжлүүлгээрээ дамжуулан улс орнууд уг өвчний эсрэг арга хэмжээ авах нь зүйтэйг уриалсан байна.