“Хүн” гэр театр, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль, нийслэлийн Соёл урлагийн газар хамтарч Монгол, Японы 400 гаруй бүжигчнийг хамруулах “Сүүн зам” их наадмыг ирэх сарын 22-нд төв талбайд зохион байгуулах нь. Уг наадмыг Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Японы Токүшима дахь манай улсын Өргөмжит консул Кобачи Широгийн санаачилгаар явуулахаар болжээ. Энэ үеэр япон үндэсний соёлын өв болох уламжлалт “Ава одори”, “Ёсакой” бүжгийн урлагтай танилцуулахын зэрэгцээ Монголын үндэсний болон орчин үеийн бүжгийн урлагийн гайхамшгийг үзэгчдэд толилуулах юм. Мөн хоёр улсын хоолны соёлтой танилцуулах дэд хөтөлбөртэй гэнэ.