Баяр наадам дуусдаггүй ээ. Нийслэлд л өндөрлөсөн болохоос биш, орон нутагт үргэлжилсээр. Увс аймгийн Хяргас сумынхан 100 жилийн ойгоо тэмдэглэв. Баярын хурлыг нь шууд бичлэгээр харлаа. Олон жилийн өмнө хэрхэн зохион байгуулдаг байсан, тэр хэв загвараар хоёр цаг гаруй үргэлжлүүлсэн хурлын үеэр цөөнгүй баярын бичиг, 100 жилийн дурсгалын медалийг дарга нарт болон ахмадуудын төлөөлөлд гардуулав. Индэрт суугаа алдартнууд болон дарга нар гэсэн бүлгийн, мөн үзэгчдийн суудалд нимгэн хуванцар сандалд “тухалсан” сумын иргэдийн төлөөлөл ахмад настан голдуу бүлгийн “ноёд, хатагтай” нар байсхийгээд л алга ташиж байлаа. Сумынхан үүх түүх, тэр дундаа хувьсгалын жилүүдэд баруун хязгаарыг чөлөөлөх үйл хэрэгт идэвхийлэн оролцсон явдал болон төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнх агсан, дархан аварга Х.Баянмөнх гээд алдартнуудаараа бахархдаг аж. Арга ч үгүй байх. Засаг даргынх нь мэдээллээс эднийд улсын төсвөөр хэд хэдэн объект барьж буйг ойлголоо. Ердөө саявтар 24 цагийн цахилгаантай болсон тус сумын иргэдийн амьжиргаа хэрхэн дээшилсэн бол, айл, албан байгууллагууд модон жорлонгоосоо салсан уу, шинэ, шинэ бизнес нэмэгдэж байна уу, зах зээлийн орчинд учраа хэр олов гэх зэргийг нь сонирхтол энэ талаар ярьсангүй. Сум байгуулагдсаны 100 жилийн ойн баярын арга хэмжээгээ “Алдартан, гавьяатны өлгий нутгийн” хэмээн тодотгож байгаад, гоё дээл, ганган бүс, үнэтэй хөөрөгтэйгөөр зад тэмдэглэцгээлээ.
Энэ жил Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймаг 90, Сүхбаатар, Дундговь, Баянхонгор гэсэн гурван аймаг 80 жилийн ойтой. Тэдгээрийн нэг Сүхбаатар аймгийнхан энэ сарын 28-30-нд шинээр барьж буй “цэнгэлдэх хүрээлэн”-дээ тэнхээ мэдэн баярлах нь ээ. Янз нь улсын наадмын хэртэй арга хэмжээ зохион байгуулах бололтой. Өдгөө 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, хугацаанд нь амжиж ашиглалтад өгөх баяр наадмын талбай нь 2000 хүний суудалтай, таван хаалгатай, гадна талдаа 500 машины зогсоолтой, дотроо битүү хиймэл зүлэгтэй, сүүдрэвчтэй аж. Наадмын хөтөлбөрийг харвал монгол адуу ч, эрлийз морьдын ч уралдаантай юм байна. Тэгэхээр гадаад болон эрлийз морьтнууд очно гэсэн үг. Ёстой жинхэнэ “ноёд”-ын наадам болох өнгө тодорч байна даа. Аймгийн 80 жилийн ойн баяр наадамд зориулан иргэд, аж ахуйн нэгжүүдээс хандив өгсөөр. Иргэн Б.Төмөрсүх нэг сая, нийслэлийн Багануур дүүрэгт суугаа Сүхбаатар аймгийн гаралтай нэр бүхий 25 ахмад 500 мянга, “Өөдлөх боломж” ХХК-ийн захирал Р.Ганхуяг 10 сая, Үйлчилгээний гавьяат ажилтан Б.Сүхбаатар гэр бүлийн хамт нэг сая төгрөг өгчээ. Мөн “Жавхлантсүхбаатар” ХХК-иас 10 саяыг өргөн барьсан байна. Нутаг орноо гэсэн иргэдийн сэтгэл халуун аж. Наадаж, зугаацах болоход түргэн шуурхай хөдөлдөг шигээ нутаг орноо хөгжүүлэх чиглэлд энэ хэрийн хурдаар ханддаг уу гэж өөрийн эрхгүй асуумаар болов. Танай аймгийнхны амьдрал, ажил үйлс жигд сайхан байна уу, ядуурал, гэмт хэрэг, осол, архидалт ямар түвшинд вэ, иргэдийн эрүүл мэнд сайн уу, бизнес өргөжив үү, үр ашиг нь нийтэд хүртэж байна уу. Арай ууж идэхдээ уургын морь шиг, урагшаа гишгэхдээ ургаа хад шиг байгаа юм биш биз.
Сум ч, аймаг ч байгуулагдаад 80, 90, 100 жил ч болсон байг. Тэр бүрийд маргааш үгүй мэтээр баярлан цэнгэж, үрлэг, зарлага болгодог хуучирсан, хоцрогдсон зуршлаасаа хаана, хаанаа салах цаг болоогүй юу. Намаг дотроо шавар хутгаж бус, дэлхий өөд харж амьдрах сан даа.