Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн туслах багш 1000-ыг бэлтгэж байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв. Энэ нь ирэх хичээлийн жилээс цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хийж буй ажил бөгөөд МУБИС тэргүүтэй сургуулиудын консорциум тэдгээр багшийг хоёр ээлжээр бэлтгэж байгаа аж. Нэгдүгээр ээлжийн сургалтыг явуулж дууссан бөгөөд 401 багшийг үүнд хамруулжээ. 510 багшийг хамруулсан хоёрдугаар ээлжийнх нь өдгөө үргэлжилж буй гэнэ. Туслах багш нар сургуулийн өмнөх боловсрол олгоход шаардлагатай 11 төрлийн хичээл судалж байна. Төгсөгчдийг оршин суугаа газартай нь хамгийн ойр ажлын байранд хуваарилахаар төлөвлөжээ.