2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, ерөнхий эрдмийн хичээлийг орон нутагт зохион байгуулах, их сургуулийг нэг хаягт оруулах, боловсролын салбарт үүссэн авлигыг таслан зогсоох талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хуралдаанд танилцуулав. Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр одоогийн байдлаар 22,565 хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлжээ. Мөн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн ҮСХ-ны Хүн амын сан, УБЕГ-ын хаягийн мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэж тухайн амьдарч буй байршилд ойр цэцэрлэгийг санал болгож хамран сургах тойргоор бүртгэлийг зохион байгуулах ажлыг 08 дугаар сарын эхний долоо хоногт эхлүүлэхээр болжээ. Өнгөрсөн хавар төв талбайд болсон залуусын жагсаалаас Засгийн газарт хандаж тавьсан шаардлагуудын нэг нь хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагаар явуулдгийг болиулах асуудал байсан юм. Энэ дагуу салбарын яаманд Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу хамран сургах тойргийн асуудлыг энэ жилээс нэг мөр шийдвэрлэхээр салбарын яам ажиллаж байгаа аж.
2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгаврыг гаргалаа. Тухайлбал, цэцэрлэгт хүүхдээ суралцуулах нийслэлийн иргэдийн саналыг “Е Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн платформоор дамжуулж зохион байгуулах, улсын хэмжээнд ЕБС-иудыг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх, 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй баригдаж байгаа боловсролын байгууллагын барилга байгууламжийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны дотор бүрэн ашиглалтад оруулан улсын комисс ажиллуулах, гүйцэтгэгч нарт санхүүжилтийг саадгүй олгох, үнийн өсөлтөөс шалтгаалсан төсөвт өртгийн нэмэгдэл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан бол ирэх оны төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэх, бүх шатны боловсрол, сургалтын байгууллагын их болон урсгал засварыг 08 дугаар сарын 25-ны дотор дуусгах зэргийг Ерөнхий сайдын албан даалгавраар холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Мөн орон нутгийн хөгжлийг дэмжих, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зарим их, дээд сургуулийн үндсэн эрдмийн хичээлийг аймаг, сумдад оруулах, төрийн өмчийн их, дээд сургуулиудын бүтэц, нэршлийг шинэчлэх болон нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн 2022-2023 оны хичээлийн жилийн эхлэх хугацаанд өөрчлөлт оруулах, хичээл сургалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэгдсэн зохицуулалт хийх санал боловсруулж 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Түүнчлэн салбарын сайд Л.Энх-Амгалан "Энэ жил төрийн болон төрийн бус их, дээд сургуулиуд 30 000 орчим шинэ оюутан нэмэх таамаглал байна. Үүнийг дагаж нийслэлд ачаалал үүсдэг. Тиймээс их, дээд сургуулийн 1-4 дүгээр курсийн оюутнуудын хичээлийг нийслэлийн ачаалалтай уялдуулж зохион байгуулна. Тухайлбал, ахлах курсийн оюутнуудын хичээлийг орон нутагт практикаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Аль их, дээд сургуулийн хичээл хэзээ эхлэх талаар удахгүй зарлана. Өөрөөр хэлбэл, I-IV курсийн оюутнуудын хичээлийн эхлэх хугацааг бид сургууль, сургуулиар нь жич зарлана” хэмээсэн юм.