Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид “Эрт урьдын цагт” клуб байгуулсан. Эл клубээс 2020 онд нэг шөнө, хоёр өдрийн театрчилсан аяллыг санаачлан зохион байгуулж байв. Эл аяллаар эх орныхоо соёлын өв болсон дурсгалт газруудад очихын зэрэгцээ байгалийн сайханд, шөнийн одот тэнгэрийн дор, түүдэг галын дэргэд драмын жүжиг үзэх боломж үзэгчдэд олгодгоороо сонирхолтой. Тэгвэл өнөө жил эл театрчилсан аяллаа хоёр чиглэлд зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, энэ сарын 30-31-нд Орхон-Сэлэнгэ-Орхон чиглэлд аялж, Амарбаясгалант хийд, Бүрэнхаан уул, Айргийн гозгор дахь Хүннүгийн үеийн бүлэг дурсгал, Бөөрөнхий сайр зэрэг газрыг сонирхох боломжтой. Үүнээс гадна “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нэг хүний жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй жүжигчин, хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй туслах дүрийн алтан цомын эзэн болсон жүжигчин Ч.Уранбилэг “Хоридын сарнаар” жүжгийг толилуулах аж. Түүнчлэн ирэх сарын 6-7-нд, Орхон-Булган-Орхон чиглэлд аялж, Уран тогоо уул, Уньт буюу сахарын рашаан, Бай Балилк хотын туурь буюу Бий булагийн балгас, Сэлэнгэ мөрөн зэрэг газраар зочилно. Мөн “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нэг хүний жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй жүжигчин алтан цом хүртсэн жүжигчин Г.Мишээлийн витилиго буюу арьс цайрах өвчтэй, 30 гаруй насны Барнаб хэмээх залуугийн тухай өгүүлдэг “Итгэлийг эвдэгч” бүтээлийг үзэх боломжтой. “Эрт урьдын цагт” аяллаас театрын болон үндэсний урлагийн гайхамшгийг мэдэрч, байгалийн сайхныг бишрээрэй.