Монгол, БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын байгууллага, мэргэжилтэн, судлаачдын “Цахим шилжилтэд анхаарах асуудал” сэдэвт анхдугаар уулзалт, зөвлөгөөнийг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өчигдөр зохион байгууллаа. Манай улсын иргэд 4.3 сая гар утас хэрэглэдэг. Үүний 3.4 сая нь ухаалаг гар утас гэнэ. Өөрөөр хэлбэл, гар утасны тоо нь хүн амаасаа хол давжээ. Ухаалаг гар утас хэрэглэгчдийн 64 хувь нь 4G өндөр хурдны интернэт ашиглаж буй гэнэ. Үүнээс гадна ухаалаг утастай иргэдийн 93 орчим хувь нь санхүүгийн байгууллагад данстай аж. Тэдгээр иргэний 22 орчим хувь нь дансаа гар утсаараа дамжуулан удирддаг юм байна. Ухаалаг гар утас хэрэглэгчдийн олонх буюу 2.5 сая нь нийгмийн сүлжээг идэвхтэй ашигладаг. Мөн нийт 96 их, дээд сургуульд 160 000 орчим оюутан суралцаж буйн 2.3 хувь нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэн болохоор бэлтгэгдэж байгааг манай улсын холбогдох албаныхан хэлэлцүүлгийн үеэр танилцуулав.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэлийн өгсөн мэдээллээр бол харилцаа холбоо, мэдээллийн технологийн 3500 орчим компани манай улсад үйл ажиллагаа явуулж буй аж. Тэдгээрийн дийлэнх буюу 33 хувь нь санхүүгийн, 30 хувь нь боловсролын чиглэлээр ажилладаг. Үлдсэн нь бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг байна. Тус салбар өдгөө ДНБ-ий 2.3 хувийг бүрдүүлж буй бөгөөд цаашид илүү хөгжүүлэхийн тулд мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, төр, засгаас бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэх шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцлов. Мөн өнөө үеийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болох кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шийдэх боломжтойг тэмдэглэлээ.
“Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бодлогын гол зорилт нь дэд бүтцийг сайжруулах юм. Өөрөөр хэлбэл, орчин үеийн шаардлагыг хангахуйц суурь дэд бүтцийг бий болгох ёстой. Үүний хүрээнд сум, суурин газруудыг шилэн кабелиар холбох ажил дуусаж байна. Цаашид аялал жуулчлалын бүс нутаг болон улсын чанартай зам дагуух интернэт холболтыг сайжруулахад төр, засаг бодлогоор дэмжинэ. Хувийн хэвшлийн оролцоотойгоор ирэх жилээс 5G технологи нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Үндэсний дата төвийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарахын зэрэгцээ манай улс өөрийн гэсэн хиймэл дагуултай болох ажлыг зохион байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ” гэж Б.Билэгдэмбэрэл мэдээлэв.
Бэлтгэсэн М.Оч