ДЭМБ-аас гаргасан IСF ангиллын эх хувилбар буюу эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох, хэмжих олон улсын стандарт
Үйл хөдлөл, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал (үүнийг манай улсын судлаачид үйлдлийн олон улсын ангилал гэж нэрийддэг) буюу International classifi¬cation of functioning, disability and health (ICF)-ийг дэлхийн улс орнууд идэвхийлэн нутагшуулж, өргөнөөр ашиглах болжээ. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хөдөлмөрийн чадвар алдалтыг үнэлэхдээ өвчний олон улсын ангилал (ICD) болон үйлдлийн олон улсын ангилал (ICF)-ыг хослуулан ашиглахыг зөвлөсөөр ирсэн аж.
ICD нь хөдөлмөрийн чадвар алдалтыг өвчний оношоор, ICF нь өвчтөний үйл ажиллагааны алдагдлаар үнэлдгээрээ онцлог. Нэг нь зөвхөн тухайн хүний өвчинд суурилж, оношлох төдийгөөр хязгаарлагддаг бол нөгөө нь өвчтөний нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн байдлыг цогцоор нь үнэлж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоодог гэсэн үг. Тодруулбал, ICF нь биеийн бүтэц, үйл ажиллагааны өөрчлөлт, өвчтөний өдөр тутмын амьдралын нөхцөл байдал, түүнд оролцох чадвар, хүрээлэн буй орчин, хувь хүний хүчин зүйлсийн нөлөөллийг харгалздаг. Өвчний оношийг тогтоогоод зогсохгүй тухайн хүн цаашид юу хийж чадах, энэ чадварыг ашиглахад гадаад, дотоод ямар хүчин зүйл нөлөөлж болох, нийгмийн оролцоог нь хэрхэн нэмэгдүүлэх, юунд анхаарч, ямар давуу тал дээр нь ажиллах вэ гэдэгт төвлөрч үнэлдгээрээ давуу талтай юм байна. Энэ нь бүхэлдээ 1400 гаруй категориос бүрддэг бөгөөд эмнэл зүйн практикт ашиглахад хялбар болгох үүднээс ICF гол багцыг боловсруулсан байдаг гэнэ. Олон улсын судлаачид энэхүү ангиллыг тухайн үндэстэн, улс орны онцлогт тохируулан нутагшуулахыг зөвлөжээ.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дарга асан, Удирдах зөвлөлийн ги-шүүн Д.Гэрэл ICF ангиллын ач холбогдлын талаар “Хөгжлийн бэрхшээлтэй гэсэн ангихөдлөх эрхтний гээд өөр хоорондоо харилцан адилгүй бэрхшээлтэй, онцлог ялгаатай хүмүүс хамаардаг. Энэ бэрхшээлийнх нь онцлогоос шалтгаалаад тэдэнд тулгамддаг асуудал харилцан адилгүй. Харааны болон тулгуур эрхтний бэрхшээлтэй (тэргэнцэртэй) хүмүүст барилга, байгууламж, гудамж талбай, зам, замын байгууламжтай холбоотой орчны хүртээмжийн асуудал илүү тулгамддаг бол сонсголгүй иргэдийн хувьд мэдээлэл хүлээж авах боломж нь хязгаарлагдмал. Гаргүй, мөчний тайралттай хүмүүс гар утас болон бусад төрлийн цахим хэрэгсэл ашиглах боломжгүйгээс бусадтай харилцаа үүсгэж, шаардлагатай мэдээллээ авч чадахгүй байх нь түгээмэл.
Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, ээлтэй нийгэм бий болгоно гэж их ярих болсон. Гэтэл бодит байдалд яг энэ чиглэлээр дорвитой, тохиромжтой арга хэмжээ авч чадаж байна уу гэдэг нь асуудалтай. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүрсэн, хэрэгцээнд нь нийцсэн үйл ажиллагаа явуулахын тулд тэдний нөхцөл байдлыг бодитоор үнэлэх шаардлагатай. Ингэж үнэлэхэд “Хэнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж үзэх вэ” гэдэг асуудал тулгардаг. Үүнд хамгийн бодитой, голч хариулт өгдөг аргачлал бол ICF юм. Хөгжлийн бэрхшээлийг зөвхөн өвчний оношинд тулгуурлаж үнэлдэг арга хэдийн хоцрогдсон. Дан ганц өвчний олон улсын ангиллаар хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож байгаа цагт хүмүүсийнхээ хэрэгцээг зөв тодорхойлж чадахгүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ тоог бодитоор гаргах боломжгүй. Харааны бэрхшээлтэй хэчнээн хүүхэд байна вэ гэхээр БШУЯ-ныхан “том” тоо хэлдэг. Гэтэл тэр дунд нь харааны шил зүүдэг сурагчдыг багтаачихсан байх жишээтэй. Эндээс дахиад л “Харааны бэрхшээлтэй хүн гэж чухам хэнийг хэлэх вэ” гэдэг асуулт урган гардаг. Энэ замбараагүй асуудлыг шийдэхийн тулд манай улс хөдөлмөрийн чадвар алдалтыг үнэлж, тодорхойлдог ангиллаа эргэн харж, сууриар нь реформ хийх хэрэгтэй. Аргачлалаа нэвтрүүлээд, үнэлэх нэг хэрэг. Үнэлгээндээ үндэслээд алдагдсан үйлдлийн чадамжийг нөхөн сэргээх нь чухал. Ур чадвар олгох, бусад мэдрэмжийг нь хөгжүүлэх, орчны саад бэрхшээлийг арилгах, шаардлагатай туслах хэрэгслээр хангах гэх мэт арга зам бий” гэж ярилаа.
ICF ангиллыг 2001 онд баталжээ. Тухайн оны тавдугаар сард Швейцарын Женев хотод болсон ДЭМБ-ын 54 дүгээр нэгдсэн хуралдаанаар Олон улсын гэмтэл, чадвар алдалт, хөгжлийн бэрхшээлийн ангилал (ICIDH)-ыг сайжруулан баталсан бөгөөд “Эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох, хэмжих олон улсын стандарт” гэсэн нэршил оноожээ. Энэ хуралд ДЭМБ-ын гишүүн 191 орон оролцож, хөгжлийн бэрхшээлийг шинэ түвшинд тодорхойлох, хөдөлмөрийн чадвар алдалтыг нарийвчлан тогтоох ангилал батлахыг дэмжжээ. Өдгөө энэ нь ДЭМБ-ын нэгдсэн удирдлагад байдаг олон улсын бүлэг ангиллын голлох хэсэгт багтдаг юм байна. Эл үнэлгээний аргачлалыг Итали, Бразил, Швейцар, Австрали, Ирланд, БНСУ, Тайвань зэрэг дэлхийн олон орон өөрийн онцлогт тохируулан “хөрсөндөө буулгажээ”. Мөн нэвтрүүлэхээр зорьж, үр дүнг нь туршиж буй нь ч цөөнгүй аж.
Үйлдлийн олон улсын ангиллын үнэлгээний аргыг амжилттай хэрэгжүүлж байгаа орны тоонд Япон, Малайз, Тайвань, БНСУ багтдаг гэдгийг ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нарангарав хэллээ. Тэр дундаа БНСУ үлгэр жишээ гэдгийг тодотгосон юм. Тус улсын Эрүүл мэнд, халамжийн яам ICF-ийг нэвтрүүлэх санаачилга 2003 онд гаргаж, гарын авлага орчуулах, олон нийтэд сурталчлах, нэр томьёог нь тодорхой болгох, эрүүл мэндийн ангиллыг боловсруулах зэрэг ажлыг 2014 он хүртэл хийжээ. Улмаар 2015 онд эл үнэлгээний аргыг улсдаа нэвтрүүлсэн байна. Ингэснээр тухайн улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бусдын адил сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, нийгмийн амьдрал, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нөхцөл боломж бүрдсэн аж. Тэрчлэн АНУ ч энэ чиглэлээр чамлахааргүй туршлагатай, үлгэр жишээ гэнэ. Эл орон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хуульдаа хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгийг маш өргөн агуулгаар тодорхойлсон байдаг бөгөөд ICF ангиллынхтай ижил үйл ажиллагааны алдагдлыг чухалчилдаг аж. Бөгтийх, гэдийх үйлдэл хийж чаддаггүй хүмүүсийг хүртэл энэ хуулиар үйлдлийн чадамж нь алдагдсан гэж үздэг юм байна.
Монгол Улс яагаад ICF-ийг нэвтрүүлэх шаардлагатай вэ, манайхтай ижил хөгжиж буй орнууд үүнийг хэрхэн нэвтрүүлж, хэрэгжүүлж байгаа талаар Б.Нарангарав даргаас тодруулахад “Манай улс НҮБ-ын гишүүн орны хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод 2009 онд нэгдэн орсон. Тус конвенцын үзэл баримтлалд тулгуурлан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зөвхөн халамж хүртэгч биш, хөгжилд идэвхтэй оролцож, бусдын адил эрхээ эдлэх ёстой гэсэн суурь зарчимд нийцүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд баталсан юм. Конвенцын үзэл баримтлалын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаанд оролцох боломжийг дэмжих үүднээс ICF-ийг нэвтрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагыг хувь хүн тус бүрээр нь үнэлж, тухайн иргэнд хэрэгцээтэй бүх төрлийн үйлчилгээг тодорхойлон, байхгүйг нь (үйлчилгээ) бий болгох шаардлага чухлаар тавигдаж байна. Эрүүл мэндийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2021 оны A/758, A/197 дугаар тушаалаар Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн баталсан. Энэ жагсаалтын нэгдүгээр хавсралтын мэдрэлийн өвчний хэсэгт өвчний оношоос гадна бие махбодын үйл ажиллагаа ба бүтэц, идэвх, оролцоонд тулгуурлан бэрхшээлийн үнэлгээг хийж, чадвар алдалтыг тогтооно хэмээн шинэчилсэн нь хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийг үнэлэх үйлдлийн олон улсын ангиллыг нэвтрүүлэх суурь болсон гэж үзэж байгаа. Хөгжиж буй орнууд энэ ангиллыг амжилттай нэвтрүүлсэн туршлага их бий. Тайвань, Малайз гэх мэт. Манай яам Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж буй. 2021-2024 онд хэрэгжүүлэх уг төслийн үр дүнд ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний чадвар, зуучилж буй ажлын байрыг тусад нь үнэлж, онцлогт нь тохирсон ажлын байраар хангаж, бусдын адил хөдөлмөрлөх, хөгжих, бие даан амьдрах, төрийн үйлчилгээ авах, хөгжлийн үр шимээс хүртэх адил тэгш боломжийг нээж өгч буйгаараа ач холбогдолтой. Эцэст нь онцлон хэлэхэд, ICF ангиллыг нэвтрүүлэх ажил нь дан ганц ХНХЯ-ны асуудал биш, ЭМЯ, БШУЯ хамтран хэрэгжүүлэх салбар дундын зохицуулалт юм” гэв.