Дорнод аймагт үхрийн арьс товруутах өвчин гарсан. Энэ нь Монголд анх удаа оношлогдсон өвчин бөгөөд богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархан өвчлүүлж, мах болон сүүний гарц буурах, өвчилсөн үхрийн арьсыг 100 хувь ашиглах боломжгүй болох зэрэг эдийн засгийн өндөр эрсдэл үүсгэдэг гоц халдвар өвчин юм.
Голомтын бүс тэлж, Улаанбаатарт халдвар гарах эрсдэлтэй учраас вакцины захиалга хийжээ. Иймээс Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа дүүргийн удирдлагууд болон НОБГ, НМХГ-аас үүнд онцгойлон анхаарахыг хүслээ. Тэрбээр мөн вакциныг зөвхөн үхэрт тарих бөгөөд Улаанбаатарт 92 мянган үхэр байгаа мэдээллийг өгсөн юм.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн тус өвчин гарахаас урьдчилан сэргийлж, онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Үхрийн арьс товруутах өвчин нь олон улсын худалдааны хорио цээрт, хил дамжин халдварладаг үхрийн гоц халдварт өвчин. Энэхүү өвчин нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархаж, халдварлаж өвчилдөг, мах болон сүүний алдагдал, арьсны гологдол үүсгэдэг, сүргийн нилээд хувь нь үхэж хорогддог эдийн засгийн хохирол ихтэй өвчин юм.
Тухайн өвчний үүсгэгч вирус маш тогтвортой, гадаад орчны хуурай нөхцөл ялангуяа товрууны хатсан таванд вирус удаан хугацаагаар байдаг бөгөөд арьсны үхэжсэн зангилаанд 33, хогжруунд 35, хатсан арьс ширэнд 18 хоног хүртэл амьд байдаг нарны шууд гэрэлд тэсвэр муутай ч гадаад орчны чийглэг харанхуй нөхцөлд удаан хугацаанд хадгалагддаг байна.
Өвчний нууц үе 4-14 хоног үргэлжилдэг. Зарим тохиолдолд 28 хоног хүрдэг. Эмнэл зүйн хувьд өндөр халуурах, сүүний гарц огцом татрах, мэдрэг чанар багасах, нус нулимс гоожих, хүзүү толгой, уруул, хөх, үржлийн эрхтэн орчимд 2-5 см голч бүхий товруут зангилаа үүсгэдэг өвчин юм.