Биологийн олон улсын 33 дугаар олимпиад Армени улсын Ереван хотод энэ сарын 10-нд эхэлж, өчигдөр өндөрлөлөө. Манай улсаас дөрвөн сурагч уг олимпиадад оролцсоноос хоёр хүүхэд хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, “Орчлон” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Тэргэл, “Шинэ Монгол”-ын сурагч Ч.Жаргалан нар хүрэл медалийн эзэн болжээ. Манай улсын багийн ахлагчаар Улсын биологийн олимпиадын дэд хорооны нарийн бичгийн дарга, МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, дэд профессор Д.Нарангарвуу ажилласан байна. Олимпиадад оролцсон сурагчдыг “Шинэ Монгол” сургуулийн багш Ж.Нямдаваа, “Шинэ үе” сургуулийн багш Д.Чинзориг нар бэлтгэжээ. Өнгөрсөн жилийн олон улсын олимпиадаас манай сурагчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан билээ.