Манай улсад өчигдөр 101 хүн “Ковид-19”-өөр өвчилсөн нь батлагджээ. Ингэснээр нийт тохиолдлын тоо 931 458-д хүрсэн байна. Сүүлийн тав хоногт халдварын тархалт ялимгүй нэмэгдэж, илрүүлсэн тохиолдлын тоо өдөрт 100-гаас даваад буй билээ. Энэ нь коронавирусийн омикрон хэлбэрийн дэд хувилбар буюу ВА.4, ВА.5 манай улсад өнгөрсөн сарын сүүлчээс тархаж эхэлсэнтэй холбоотойг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэв. BA.4, BA.5 нь бусад дэд хувилбараасаа илүү хурдан тархаж байгааг ДЭМБ-аас анхааруулсан билээ. Эдгээр хувилбарын улмаас зарим улсад халдварын шинэ давлагаа үүсээд байна. Манай улсын тухайд өдгөө шинээр илрүүлж буй тохиолдлуудын 10 орчим хувийг ВА.4, ВА.5 эзэлж байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор халдвар авсан хүний тоо нэмэгдэж, эмнэлгийн орны ачаалал ихэссэн байна. Тиймээс олон хүн цугларсан, битүү орчинд амны хаалт зүүхийг Улсын онцгой комисс болон ХӨСҮТ-өөс зөвлөлөө.
Бэлтгэсэн М.Оч