Харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ тоогоор ч, актив хөрөнгө, ашиг орлогоороо ч арилжааны банкууд дотроо Монголдоо тэргүүлдэг ХААН банкны хувьцаатай холбоотой дуулиан өнгөрсөн өвөл нэлээд хүчтэй яригдаж, олны анхаарлын төвд орж байлаа. Тус банкны 45.55 хувийг эзэмшдэг, Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “HS holdings” нээлттэй хувьцаат компанийг үүсгэн байгуулагч Савада Хидео өөрийн эзэмшлийн хувиа зарах болж, хэлэлцээр хийж байсан нь өдгөө бараг мартагдах шахлаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёрдугаар сараас олны анхаарлын төвд орсон Хөгжлийн банкны дуулиан, Цагаан сар, наадам, элдэв ой тохиолдуулсан шагналууд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гээд олон дуулианд дарагдаад байгаа юм.
ХААН банкны хувьчлалтай холбоотой асуудал олны анхаарлын төвд ороход Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Эцсийн эзэмшигчийг олох мэдээж амаргүй ч хянамгай сайн ухаж байж олж тогтоох ёстой. Монголын банкны хувьцааг авч байгаа мөнгө цэвэр үү, бохир уу гэдгийг зайлшгүй нягталж үзэх ёстой. Энэ ажил эцсийн эзэмшигч тодроогүй байхад түрүүлж тодрохгүй л байх. Энэ арилжаа наймаанд Монголын улстөрчид, түүний дотор шийдвэр гаргагч нар оролцсон бол дэлхий даяараа шившиг болно. Нэг улстөрч ч юм уу, хотын дарга гүйлээ гээд энэ бүгдийг зөвшөөрч болохгүй. Эцсийн эзэмшигч тийм амар гарч ирэхгүй” хэмээж байв. Харин Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “ХААН банкны хувьцаа эзэмшилд өөрчлөлт ороогүй, өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар тус банкны нийт хувьцааны 45.5 хувийг Япон Улсын хуулийн этгээд “Савада холдингс” компани, 14.5 хувийг “Эйч Эс интернейшнл (Ази) лимитед”, үлдсэн 40 хувийг “Таван богд трейд” ХХК холбогдох этгээдийн хамт эзэмшсэн хэвээр байна. “Савада холдингс”-ийн хувьд Монголоос гадна хэд хэдэн оронд банк болон банк бус санхүүгийн байгууллага эзэмшдэг нээлттэй компани. Японы санхүүгийн зохицуулах байгууллагын хяналт дор үйл ажиллагаа явуулж, Токиогийн хөрөнгийн биржид бүртгүүлсэн, нээлттэй, ил тод тайлагнах зохицуулалттай тул арилжаа, хэлцэл, бүртгэл гээд бүхий л мэдээллийг нээлттэй харах боломжтой. Эдгээр компаниудыг хэн нэгэн монгол хүн, компани, эсвэл Монголын аль нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч худалдаж авч, эзэмшил нь солигдсон гэх мэдээлэл, бүртгэл байхгүйг шалгаад үзэх бүрэн боломжтой. Бизнесийн үйл ажиллагаа, мөнгөний эх үүсвэр нь эрүүгийн болон мөнгө угаах, татвараас зайлсхийх, терроризмыг санхүүжүүлэх, эсхүл ижил төстэй санхүүгийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолтыг холбогдох байгууллагуудаас ирүүлсэн” хэмээн байр сууриа илэрхийлж байсан.
Харин ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь хувьцаатай холбоотой бизнесийн хэлцэлд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар саад учруулж байна хэмээгээд буй билээ. Япон Улсын иргэн Савада Хидео манай хууль хяналтын байгууллагад энэ талаараа гомдол гаргасан байдаг. Түүнийх нь дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн юм даг. Тухайн үед Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Савада гэдэг хүний гомдлоор намайг АТГ-т шалгасан асуудал байхгүй” гэж мэдэгдсэн билээ.
Тэрбээр Сангийн сайд байхдаа “25.01.2019 11/386” дугаартай, англи хэлээр бичсэн, ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Савада Хидеод хандан, “Таван богд групп” ХХК-д давуу байдал олгохыг зорьсон албан бичгийг илгээсэн байдаг. Уг албан бичигт “Танай компани ХААН банкны хувьцаа эзэмшигчээс гарахаар төлөвлөж, өөрийн хувьцааг гуравдагч этгээдэд худалдахаар зэхэж байгаа гэсэн мэдээлэл миний анхаарлыг татлаа. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар нь танай арилжааны бизнесийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх учиргүй ч Банкны тухай Монгол Улсын хуулиар аливаа эцсийн өмчлөгч буюу түүнд хамааралтай этгээд нь нэгээс илүү санхүүгийн байгууллагыг шууд болон шууд бус замаар эзэмшихийг хориглосон болохыг танд мэдээлэх нь бидний үүрэг болно. Одоогоор арилжааны гурван том банкны тоонд ХААН, Худалдаа хөгжлийн болон “Голомт” банк ордог. ХААН банкны хувьцааг оролцуулсан бизнесийг аливаа арилжааны банканд худалдах болон шилжүүлэх нь тухайн өмчлөгч, түүнд хамааралтай этгээдийг хууль бус гэж манай улсын хуулиар тооцдог. ХААН банкны одоо байгаа хувьцаа эзэмшигч “Таван богд групп” компаниас гаргасан тус банкны хувьцааг танай болон дээрх группийн хүлээн зөвшөөрөх бүтцийн дагуу худалдан авах саналыг Монгол Улсын Засгийн газар бүхэлд нь дэмжиж байгаа гэдгээ илэрхийлмээр байна. Түүнчлэн Монгол Улсын Сангийн яамнаас дэмжих бичиг гаргах замаар худалдан авах санхүүжилтэд дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. 2017, 2018 онд олон улсын зах зээлд гарган амжилттай арилжсан манай улсын бондыг харгалзан үзвэл Монгол Улсын Засгийн газрын дэмжих бичигтэй “Таван богд групп”-ийн гаргах бондыг олон улсын хөрөнгө оруулагчид нааштай хүлээн авах үндэс байгаа гэж миний бие бодож байна” хэмээн бичсэн байсан билээ.
Үүнд нь дургүйцсэн Японы иргэн, ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн дарга Савада Хидео манай хууль хяналтын байгууллагад хандсан юм. АТГ-ынхан түүний гомдлоор Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд одоогоор хэн нэгнийг яллагдагчаар татаагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буйг прокурор, мөрдөх байгууллагын цөөнгүй эх сурвалж хэлэв. Савада Хидео манай ГХЯ-аар дамжуулан “Ноён Хүрэлбаатарын хууль бус үйл ажиллагааг шалгуулах тухай” гэж тодотгон АТГ-т хүргүүлсэн гомдолдоо хэд хэдэн ноцтой зүйл дурдсан байдаг. Тодруулбал, “Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй “Sawada hold¬ings” Co.Ltd компанийн хувьцаа эзэмшигчдэд томоохон өөрчлөлт оруулах, хувьцаа худалдан авах тендерийг 2020 оны хоёрдугаар сарын 20-нд зарласан. Бид ХААН банкны томоохон хувьцаа эзэмшигчийн хувьд Монгол Улсын Банкны тухай хуулийн 36.2-т заасны дагуу тендер зарласан талаарх мэдээллийг Монголбанканд цаг хугацаанд нь мэдэгдсэн. Гэвч Монгол Улсын Банкны тухай хуульд заасны дагуу зөвшөөрөл олгох эрх бүхий холбогдох албан тушаалтны заавар, шаардлага болон зөрүүтэй тайлбарын улмаас тендер зарласан цагаас хойш хувьцаа шилжүүлэх хэлцэл хоёр жилээр хойшлогдоод байна. ХААН банкны 60 хувийг эзэмшиж буй томоохон хувьцаа эзэмшигч “Sawada holdings” компанийн хувьцаа эзэмшигчдэд өөрчлөлт орох болсонтой холбоотойгоор тус банкны гадаадын хөрөнгө оруулагч болох “Sawada hold¬ings” болон энэ компанийн хувьцааг худалдаж авахаар төлөвлөж байсан Япон Улсын “Meta capital inc”, “Upsilon investment limited part¬nership” компанийн нэр хүндэд үндэслэлгүй, бүдүүлгээр халдах явдал гарч байна. Тухайлбал, манай хувьцаа шилжүүлэх үйл ажиллагааг хууль бус хэмээн олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөх, “Sawada holdings” компанийн шинэ хувьцаа эзэмшигч болох “Meta capital inc” компанийг мөнгө угаах ноцтой гэмт хэрэгт гүтгэх боллоо. Иймд “Sawada holdings” компани болон бид Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яамаар дамжуулан албан ёсоор гомдол хүргүүлж байна. Энэ гомдлыг гаргах болсон гол шалтгаан нь Монгол Улсын Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хэлсэн үг, олон нийтийн сүлжээнд тавьсан нийтлэлүүдтэй холбоотой. Ч.Хүрэлбаатар нь өөрийн хувийн ашиг сонирхол, өөр компанийн бизнесийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс манай хувьцааны арилжааг хууль бусаар хоёр жил шахам сунгаж, бидний дотоод үйл ажиллагаанд хууль бусаар хөндлөнгөөс оролцсоноос үүдэн эдийн засгийн шууд болон шууд бус хохирол, тэр дундаа боломжоо алдаж, зардал нэмэгдсэнийг түүнээс нэхэмжлэх болно. Тиймээс Сангийн сайд асан, одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Ч.Хүрэлбаатарын манай байгууллагын нэр хүнд болон хувьцааны ханш зэрэгт эдийн засгийн ноцтой хохирол учруулсан худал мэдээлэл, хууль бус үйлдлийг Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу бүрэн шалгаж өгөхийг хүсэж байна. “Upsilon”, “Sawada holdings” болон ХААН банк нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу Монголбанкны зүгээс шаардсан шаардлагатай бүх мэдээлэл, баримт бичгийг хугацаанд нь бүрдүүлж өгсөн бөгөөд зохих зөвшөөрлийн дагуу хувьцаа шилжүүлсэн болохыг Монголбанк батлах болно” хэмээсэн талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлж байв.
Монголчуудын олонхынх нь харилцах, хадгаламж эзэмших данс, цаашлаад эд хөрөнгө барьцаанд нь байдаг ХААН банкны хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлт эл банканд итгэх иргэдийн итгэлд ч нөлөөлөх нь дамжиггүй. 2021 оын арваннэгдүгээр сард ХААН банкны хувьцаа эзэмшигч Японы иргэн Савада Хидеогийн гаргасан гомдлын дагуу нээсэн хэрэг бүртгэлтийн хэрэг хэрхэснийг бид тодруулахаар прокурор, мөрдөн байгууллагын хэд хэдэн эх сурвалжаас тодруулсан юм. Тэд “Хэрэг бүртгэлтийн хэргийн хүрээнд шалгалт үргэлжилж байгаа. Өнгөрсөн тавдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Токиод очиж Савада Хидеогоос тайлбар мэдүүлэг аваад ирсэн. Хэрэг бүртгэлтийн хэргийн хүрээнд бусад холбогдох баримтыг ч цуглуулж, бэхжүүлж авсан. Энэ бүхэнд үндэслээд эрүүгийн хэрэг үүсгэх, эсэхийг шийдвэрлэнэ” гэлээ.