“Ковид-19”-ийн тохиолдлын тоо нэмэгдсэн нь дэлхий даяар хэт ачаалалтай байгаа эмнэлгийн ажлыг хүндрүүлж буйд ДЭМБ түгших болов. Уг вирусийн шинэ давалгаа үүссэн нь “Ковид-19” хараахан дуусаагүйг дахин тодорхой харууллаа гэж тус байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус хэвлэлийн хурлын үеэр хэлжээ. Тодруулбал, эл вирус дэлхий даяар чөлөөтэй тархаж, хүнд өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтүүлэх, “Ковид- 19”-ийн дараах хүндрэлийг эмчлэх ачааллыг олон улс орон даван туулж чадахгүй байна.
Өнгөрсөн баасан гарагт ДЭМБ-ын Ковидтой тэмцэх яаралтай хороо цахимаар хуралдаж, цар тахал олон улсын нийгмийн эрүүл мэндэд заналхийлсээр байна гэж дүгнэв. ДЭМБ-ын Яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майкл Райаны мэдэгдсэнээр сүүлийн хоёр долоо хоногт тус байгууллагад мэдээлсэн коронавирусийн тохиолдлын тоо 30 хувиар өссөн нь гол төлөв омикрон BA.4, BA.5 омгийн нөлөөгөөр нэмэгдсэн байна. Үүний сацуу ДЭМБ-ын хороо вирусийн хувьслын замнал болон шинээр гарч буй омгийн шинж чанарууд тодорхойгүй, урьдчилан таамаглах аргагүй хэвээр байгааг хүлээн зөвшөөрчээ. Өмнөд Африкт өнгөрсөн онд илэрч, дэлхийн даяар тархсан уг хоёр омог өдгөө Европын улсуудын олонход бүртгэгдэж байгаа бөгөөд удахгүй тус тив, АНУ-д газар авч болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Омикрон BA.4, BA.5 омгийг “Ковид-19”-ийн бусад хэлбэрийг бодвол үхлийн аюул багатайд тооцдог ч халдварлах чадвар илүү нь өндөр настнууд болон дархлаа сул, эсвэл эрүүл мэндийн ноцтой асуудалтай хүмүүс хүндээр өвчлөх эрсдэл их буйг мэргэжилтнүүд анхааруулжээ. Өнөөгийн байдлаар уг вирусээс хамгаалах төгс биш ч, хамгийн боломжийн арга нь вакцинжуулалт хэвээр буй.
Сүүлийн өдрүүдэд манай улсад ч цар тахлын тархалт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. ХӨСҮТ-өөс мэдээлснээр өчигдөр гэхэд “Ковид- 19”-ийн 121 тохиолдол бүртгэгджээ. Үүний 89 нь Улаанбаатарт, үлдсэн хувь нь орон нутагт илрүүлсэн тохиолдол аж. Энэ сарын 7-нд улсын хэмжээнд 50 гаруй тохиолдол бүртгэгдсэн бол сүүлийн гурав хоногт эл үзүүлэлт 100-г даваад байна.
Бэлтгэсэн З.Гал