Баяр наадмын өдрүүдэд нийслэлээс орон нутгийг зорих хөдөлгөөн огцом нэмэгддэг. Тухайлбал, энэ сарын 10-13-нд нийслэл дэх Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор л гэхэд 13 273 тээврийн хэрэгсэл хотоос гарсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Нэг машинд дунджаар дөрвөн хүн сууж явсан гэж үзвэл ойролцоогоор 53 мянга гаруй хүн хотоос гарсан гэж баримжаалж болох нь. Тээврийн цагдаагийн албанд энэ сарын 10-14-нд зам, тээврийн ослын 392 дуудлага ирсэн байна. Ослын улмаас нийслэлд 18, орон нутагт долоон хүн гэмтэж бэртжээ. Орон нутгийн замд зорчиж яваад, осолд орсны улмаас зургаан хүн нас барсны дотор хүүхэд байсан аж. Нөхцөл байдал ийм байгаатай холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, ахмад Б.Энхболд “Баяр наадам болсон, иргэд орон нутгийг зорьж олноор явсантай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдээд байна. Энэ үед жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн, хэт ядарсан, нойргүй хоносон үедээ жолоо барихгүй байхыг анхааруулъя. Мөн жолоодох эрхгүй этгээдэд итгэж машинаа өгөхгүй байхыг сануулъя” хэмээлээ. Зам, тээврийн ослын дуудлагын тоо өмнөх жилүүдийн дунджаас нэмэгдсэн нь тээврийн хэрэгсэл болон жолоочийн тоо ахисантай холбоотой гэнэ.