“Би монгол зүйр цэцэн үгээр хичээлээ эхэлж, бас төгсгөдөг” хэмээн Японы монголч эрдэмтэн Шиотани Шигэки 2016 онд манай сонинд өгсөн ярилцлагадаа ам бардам хэлж билээ. Тэрбээр Осака их сургуулийн Хэл, соёл судлалын Азийн нэгдүгээр салбарын профессор бөгөөд монгол хэлийг монголчуудаас илүү гүнзгийрүүлэн судалж, олон ном, бүтээл туурвисан юм. Монгол хэлний үг зүй, үгийн сан, ардын аман зохиолын талаар голчлон судалдаг Шиотани Шигэки Улаанбаатар хотын гудамж, талбай дахь үйлчилгээний газруудын хаяг, зарлалын самбарын зар мэдээ үг, үсэг, утга найруулгын алдаа ихтэй байдгийг шүүмжилсэн нь тодхон санагдана. “Нэг үгийг өөр өөрөөр бичээд байвал гадаад хүмүүс яаж монгол хэл сурах юм бэ” хэмээн халаглаж ч байв. Эхлээд бид гудамж талбай, үзвэр, үйлчилгээний газар, барилга байгууламжийнхаа нэр, хаяг, байршлыг алдаагүй зөв бичээд сурчихмаар юм. Ингэж нэг үгийг олон хувилбараар бичиж, эр, эм үгээ ч ялгахгүй буруу нөхцөл залгаж, зөв бичгийн дүрэмгүй мэт аашилсаар эцэст нь гадаад хүн бүү хэл, монголчууд бид өөрсдөө ч эх хэлээ мэдэхгүй, танихгүй болох нь.
Ялангуяа сүүлийн үед хүүхэд, залуус монгол хэлээсээ илүүтэй англи, хятад, солонгос, япон, орос гэх зэрэг гадаад хэл, соёлыг тахин шүтэх болсон. Энэ байдал нь элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн хүүхдүүдийн тухайн хичээлээр авсан онооноос илэрхий харагдаж буй юм. Тухайлбал, энэ онд орос хэлний хичээлээр шалгалт өгсөн хүүхдүүдээс хамгийн олон буюу 67 нь 800 оноо авсан юм. Харин англи хэл 24, монгол хэлний хичээлээр 15 хүүхэд л хамгийн дээд оноо авчээ. Үүнээс харахад орос хэлний хичээлээр ердөө 920 хүүхэд шалгалт өгөөд 67 нь 800 оноо авсан бол монгол хэлний хичээлээр 10 776 шалгуулагч шалгалт өгснөөс 15 нь л дээд оноо авсан байна. Өөрөөр хэлбэл, энэ нь монгол хүүхдүүд эх хэлээ хэр сайн эзэмшсэний нэг илрэл юм. Эх хэлнийхээ боловсролын чанар, хэрэглээг нэмэх, дархлааг сайжруулах зорилгоор элсэлтийн ерөнхий шалгалтаас өмнө буюу дөрөвдүгээр сард сурагчдыг монгол хэл, бичгийн шалгалтад хамруулсан билээ. Харамсалтай нь, 1180 хүүхэд босго оноо болох 400-д хүрч чадалгүй бүдэрсэн билээ.
Ухаан орсон цагаас чихнээ хоногшсон яруу сайхан унаган хэлээрээ зөв ярьж, бичиж чадахгүй залуус нэмэгдэж, хойч үе минь монголоосоо илүү гадаад хэл сурах гэж хэт туйлшрах болсон. Гэхдээ энэ нь мэдээж гадаад хэл сурах нь буруу гэсэн үг биш. Гадаадаас гадна эх хэлээ сайн эзэмших шаардлагатай гэсэн үг юм. Таван үгний хоёрыг нь алдаатай биччихээд яаж өөрсдийгөө монгол хүн гэж хэлэх билээ. Бидний язгуур эрх ашиг, үндэс, соёл, юугаар ч сольшгүй үнэт өв бол монгол хэл минь юм. Үүний зэрэгцээ үндэсний бичиг болох уйгаржин бичгээ ч давхар “аваад явах” нь зүйн хэрэг. Монгол хэлний тухай хуулийн 7.4-т “Их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хувь нь үндэсний бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ” гэж заасан. Тиймээс үндэсний бичгээ үр хойчдоо өвлүүлж, ерөнхий боловсролын сургуульд сайн зааж сургах зайлшгүй үүрэг багш нарт оногдож буй. Түүнчлэн тус хуулийн 7.2-т “Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэсэн байдаг. Эл заалтыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс буюу ердөө гуравхан жилийн дараа дагаж мөрдөж эхлэх юм. Монгол хэлнийхээ зөв бичгийн дүрэм, утга найруулгыг гүйцэд ухаж ойлгоогүй байхад үндэсний бичиг сурах хүнд бөгөөд хариуцлагатай “ажил” Монгол Улсын иргэн бүрт ойрхон буйг сануулахад илүүдэхгүй биз.
“Ковид-19” цар тахлын улмаас хоёр жил шахам хугацаанд боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоож, сурагчдыг цахимаар хичээллүүлсэн. Энэ нь сурагчдын сурлагад сөргөөр нөлөөлснийг олон судалгааны дүнгээс харж болно. Ялангуяа 1-5 дугаар ангийн сурагчид тухайн хичээлийн жилд сурч мэдэх ёстой мэдлэгээ олж авч чадаагүй. 2-3 дугаар ангид монгол хэлний зөв бичих дүрмийн дийлэнхийг зааж сургадаг гэдэг. Гэтэл энэ насны хүүхдүүд гэртээ монгол хэлээ сурсан. Тухайлбал, нэгдүгээр ангийн сурагчид дөнгөж долоон эгшиг, хэдхэн гийгүүлэгч үсэг үзээд эрдмийн баяраа ч хийж амжилгүй цар тахлын улмаас хөл хорионд орсон. Ингээд үсэг заах, зөв, цэвэр бичүүлэх, үг холбож уншиж сургах хүндхэн үүрэг эцэг, эх, асран хамгаалагчийн нуруун дээр буусан билээ. Эцэг, эхчүүдийн олонх нь монгол хэлээрээ зөв, алдаагүй бичиж чадахгүй тул хүүхдэдээ юу зааж сургах нь ойлгомжтой. Нэг жишээ хэлье, нэг, хоёрдугаар ангидаа бараг танхимаар хичээллээгүй, одоо дөрөвдүгээр ангид элсэх нэгэн хүү монгол хэлээрээ зөв, гаргацтай бичиж сураагүй л байна. Зөв бичих дүрмийн тухайд бол яриад ч нэмэргүй. Гээгдэх эгшиг, ялгах эгшиг, тодотгон холбох гийгүүлэгч зэрэг дүрэм огт мэдэхгүй. Ямар тохиолдолд эгшиг гээж, эсвэл гээхгүйг нь мэргэжлийн хүн тайлбарлаж өгөөгүйгээс хүссэн үедээ эгшигтэй, эсвэл эгшиг гээж бичих болжээ. Анхнаасаа монгол хэлний дүрмээ сайн ухаж ойлгож, бичиж сураагүй учир насанд хүрсэн хойноо ч алдаатай бичдэг хэвээрээ байна. Үүний зэрэгцээ бага ангийн сурагчдын сурах бичиг үг, үсэг, утга, найруулгын алдаатай байх жишээтэй. Номон дээр нь буруу биччихээр хүүхэд юунд итгэх вэ. Мөн багш нар ч алдаатай бичих тохиолдол цөөнгүй. Тухайлбал, цээжээр бичих дэвтрийг гуравдугаар ангийн охины багш “Цээж бичиг”, хоёрдугаар ангийн хүүгийн багш “Чээж бичиг” гэж хаягласан байх жишээтэй. “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” бичгээс харахад “цээж” гэх үг нь хүн амьтны бэлхүүс буюу харцага нуруунаас дээших хэсэг гэж гарч ирж буй бол харин “чээж” гэдэг үг олдсонгүй. Энэ мэт эцэг, эх, багш, сурагчгүй зөв бичих дүрмийн тухайд “төөрөлдсөн” тохиолдол цөөнгүй.
Биднээс хэн ч булааж чадахгүй өв бол эх хэл яах аргагүй мөн. Тархин дахь баялгийг хэнбугай ч авч хүчрэхгүй. Тиймээс монголчуудын бусдаас ялгарах, тархиндаа хураах баялаг бол эх хэл минь юм. Дэлхийн хаана ч явсан монгол хэлээрээ ярьж, үндэсний бичгээрээ гоёх нь монгол хүн бүрийн үүрэг, хариуцлага, бахархал билээ. АНУ-д амьдардаг, сонсголын бэрхшээлтэй нэгэн монгол иргэний олон нийтийн сүлжээнд бичсэн зүйл анхаарал татахуйц байв. Түүний ажлын газарт аюулгүй ажиллах дүрмийг олон орны хэлээр хэвлэж, ханын самбарт байршуулжээ. Гэвч монгол хэлээр байсангүй гэнэ. Тэрбээр төрөлх хэлээрээ мэдээлэл авахыг хүсэж буйгаа даргадаа хэлэхэд монголоор хэвлэж, самбарт байрлуулж өгсөн гэдэг. Хэдийгээр тэнд монгол ганцхан эмэгтэй ажилладаг ч тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын төлөөлөл гэдгээ баталж чадсан нь бахархам байв. Аль ч улс үндэстэнд сурч, ажиллаж, амьдарсан эх орон, эх хэлээрээ бахархаж, өөрийн соёлыг түгээнэ гэдэг үнэлж баршгүй билээ.
Гэтэл дотооддоо монгол хэлээ үл ойшоох явдал гарсаар байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын монгол хэлний мэдлэг хангалтгүй байсаар ирсэн. Энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтын онооноос харахад тус аймгийн сурагчид бүх хичээлээр сүүл мушгижээ. Тиймээс БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Баян-Өлгий аймгийн сурагчид нэгдүгээр ангиасаа монгол хэл үзэх талаар мэдээлсэн юм. Тэрбээр тус аймгийн багш нарын 80 хувь нь монгол хэлгүй байгааг ч дуулгасан. Үүнийг эсэргүүцэж буйгаа Баян-Өлгий аймгийн иргэн М.Рысбек илэрхийлж, “Монгол хэл бол казах хүүхдүүдийн хувьд гадаад хэл” хэмээн мэдэгдсэн нь олон хүний дургүйцлийг хүргэж, багагүй шуугиан тарьсан билээ. Харин энэ тухайд ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Сауле “Нэгдүгээр ангиас монгол хэл зааж эхлэхэд болохгүй юмгүй. Тэглээ гээд үндэсний цөөнхийг хавчин гадуурхсан хэрэг биш. Хэл, соёлд ямар ч эрсдэл учрахгүй. Хамгийн гол нь сургалтын хөтөлбөр, заах арга нь зөв, сурах бичиг нь сонирхолтой байх ёстой” хэмээжээ.
Баян-Өлгий аймагт энэ жил 1100 хүүхэд монгол хэлний шалгалт өгснөөс 700 гаруй нь босго оноо давж чадаагүй. Ингэснээр дотооддоо их, дээд сургуульд элсэх боломжгүй болсон. Үүнээс болж нэг казах сурагч амиа хорлохыг ч завдсан гэх. Тиймээс казах хүүхдүүдэд нэгдүгээр ангиас нь монгол хэл заах нь тэгш хүртээмжтэй боловсролын эхлэл болох юм. Монгол Улсын боловсролын бүх л байгууллагын болон төрийн албаны шалгалтаас эхлээд бүгдийг монгол хэлээр авдаг. Тиймээс үндэсний цөөнх болсон хүүхэд залуус хүссэн их, дээд сургуульдаа элсэх, чадварлаг боловсон хүчин болоход багаасаа монгол хэл сурах нь зайлшгүй чухал.
Энэ мэтээр монгол хэл, үндэсний бичиг үсгийн боловсрол тааруу байгаа газрын багш, сурагчдыг “авч хэлэлцэх”, зорилготойгоор эх хэлний мэдлэгийг дээшлүүлэх ажлыг бодлогын түвшинд өрнүүлэх цаг болжээ. Монгол хэл бол төрийн албан ёсны хэл. Монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа болсон монгол хэлээ мохоох учиргүй билээ, бид.