Турк улсад ажиллаж, амьдарч байгаа О.Сүнжидмаа гэдэг бүсгүйгээс Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байгаа хайртай хүү байлдагч С.Энхмөнхдөө захидал ирүүллээ.
2014 оноос хойш Турк улсад ажиллаж, таван хүүхдээ өсгөж яваа энэ бүсгүй хөдөлмөрч, дайчин, амьдралаа нуруун дээрээ үүрч яваа хүчирхэг монгол эмэгтэйчүүдийн нэгэн тод төлөөлөл бөгөөд хань ижлээсээ хагацснаас хойш завгүй цаг хугацааг туулж яваа ажээ. Том хүү С.Энхмөнх хугацаат цэргийн албанд, хоёр ихэр охин С.Анунмаа, С.Анимаа нар 15, С.Тэмүүлэн 9, бага хүү С.Аялгуу 7 настай. Хүүхдүүдийнхээ боловсрол, мэдлэгт онцгой гойд анхаардаг байлдагчийн ижий хүүгээ цэргийн албанд дурлан дурлан явсан, хүсэл мөрөөдөл, зорилгыг нь үргэлж өнгөлж өгөхийг хичээдэг, дүү нартаа аавынхаа оронд аав болж яваад нь баярладаг тухай өгүүлсэн нь бахархаж, хайрлах сэтгэлийг эрхгүй төрүүлж байв. Эх орны хөвгүүнд хайрт ижийгээс ирүүлсэн захидал юу өгүүлснийг хамтдаа задалъя.
“Сайн байна уу, миний хүү. Алба өндөр үү. Цэргийн эрдмийн их талбарт тун сайн байгаа гэдгийг нь ээж нь зөнгөөрөө мэдэрч байна. Ээж нь сайн, каргоныхоо ажлыг хийгээд л байна. Дүү нартай нь байнга холбоотой байгаа. “Эмээгийндээ завгүй зуны өдрүүдийг өнгөрүүлж байна, ээж ээ” гэж орой бүр видеогоор дүрсээ харж ярьж байна. Бага дүү нь “Ах шигээ цэргийн хүн шүү, би” гээд ёслоод байна лээ. Их хөөрхөн. Хүүгээрээ ээж нь, эмээ нь, дүү нар нь цөмөөрөө бахархдаг шүү. Миний хүү чинь гэр бүлийнхээ төдийгүй ах, дүү хамаатан садан, найз нөхдийнхөө ч бахархал нь. Анх удаа ах дүүсийнхээ хөвгүүдээс түүчээ нь болж цэргийн албанд мордож, тэдэнд үлгэрлэл үзүүлсэн юм шүү дээ. Нээрээ миний хүү онжавуудынхаа үсийг засаж байгаа юу. Үсийг нь засаж, гарынхаа мэдрэмжийг алдалгүй дасгал хийж байгаарай. Салоных нь ах, эгч нар “Манай Энхмөнх их сайн үсчин, өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй” гээд надаас асууж байсан. Ээж нь хүүгээ хүсэл мөрөөдлөөрөө явахыг нь үргэлж дэмжинэ. Дээд сургуульд заавал сурч, тийм мэргэжил эзэмш гэж шахахгүй. Миний хүү ухаантай учраас өөрийнхөө зорилго, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээгээрэй.
Ээж нь Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчдын эцэг, эхчүүдэд зориулсан хаалттай цахим хуудаснаас хүүгийнхээ амжилтын мэдээллийг байнга харж, бахархаж байгаа. Саяхан “Таны хүү онц мэргэн буудагч болсон” гээд пост оруулсан байна лээ. Их сайн байна, баяр хүргэе миний хүү. Өөр тайван сайхан даа, удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндийг мөр зэрэгцэн алба хааж байгаа онжавууд, цэргийн дарга нарт нь хүргэе. Олонтойгоо эвтэй, нийцтэй байж, найз нөхөд шигээ ижилсэн нөхөрлөж яваарай. Ээжийнхээ түшиг, дүү нарынхаа баатар минь. Албаа нэр төртэй хааж яваа хүүгээрээ ээж нь бахархаж байна. Дараа дахин захидал бичнэ ээ. Үнсье хүүгээ. Турк улсын Истанбул хотоос, хайрт ээж О.Сүнжидмаагаас” гэжээ.