Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны баруун жигүүрийн тэргүүн магнайд А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар гарна гэж маргасан. Улмаар Г.Өсөхбаяр аварга "ялалт" байгуулсан. Харин А.Сүхбат аварга зүлэгт ногоон дэвжээг орхин гарсан юм. Үүнд Монголын үндэсний бөхийн холбооноос тайлбар хийлээ.
Уг тайлбарт
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд зодоглохоор бүртгүүлсэн дархан аварга бөхчүүдийн дунд эрэмбийн маргааны асуудал 2014 онд гарч байсан нь дахин давтагдав. Энэхүү эрэмбийг МҮБХ нь дараах хууль тогтоомжийн хүрээнд гаргасан болно. Тухайлбал: 2022 оны 6-р сарын 28-ны өдөр “Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль”-ийг Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан бөгөөд энэ жилийн баяр наадам шинэ хуулийн дагуу зохион байгуулагдаж байна.
Тус хуулийн 15-р зүйлийн 15.1-д “Засгийн газар нь үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын болон шагайн харвааны дүрмийг батална” гэж заасан. Улмаар энэхүү хуулийн шаардлагын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 6 сарын 29-ны өдрийн “Дүрэм батлах тухай” 257 дугаар тогтоол гарсан.
Тогтоолын хоёрдугаар хавсралтаар “Үндэсний Их Баяр Наадмын Үндэсний бөхийн барилдааны дүрэм” батлагдсан бөгөөд дүрмийн хоёрдугаар зүйлийн 2.10.2-т:
“нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр" эрэмбэлнэ гэжээ.
Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын тухайд:
Эдгээр бөхчүүд “Дархан аварга” цол авахынхаа өмнө адилхан "Далай аварга" болон "Даян аварга” цолтой байсан. “Даян аварга” цолтой байх үед амжилтын эрэмбээр Г.Өсөхбаяр илүү байсан тул өмнө нь эрэмбэлэгдсэн. Учир нь Г.Өсөхбаяр нь 4 удаа 9 даван түрүүлж, 3 удаа 8 давсан байдаг бол А.Сүхбат нь 1 удаа 10, 2 удаа ес, 3 удаа долоо давж байжээ.
2014 онд “Дархан аварга” цолыг нэг ижил шалгуур буюу “Далай аварга” цолыг үндэсний бөхийн цолноос хассан хууль батлагдсанаар эдгээр бөхчүүд “Дархан аварга” цол хүртэх эрхтэй болж байв.
Нэмж тайлбарлахад А.Сүхбат аварга 2004 онд 3 дахиа түрүүлэхдээ Дархан аварга цолны болзолтой болсон гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд тухайн үед 3 түрүүлсэн бөхөд “Дархан аварга” цол олгох хуулийн зохицуулалт байгаагүй болно. Үүнийг адилтгасан нь 2006 онд 10 давсан бөхөд аварга цол олгосон нь үйл явц юм.
МҮБХ-ны гаргасан эрэмбэ нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоолд бүрэн нийцсэн бөгөөд холбооны зүгээс хууль тогтоомжийг зөрчих, түүнээс давсан шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй.
Ташрамд дурдахад, эрэмбэ тогтоох асуудалд урьд өмнө нь 2 удаа алдаа гарсан. Энэ нь:
Нэгдүгээрт: 2014 онд хоёр бөхөд цол өгөхдөө Ерөнхийлөгчийн тамгын газраас мэргэжлийн холбооноос мэдээлэл, санал аваагүй.
Хоёрдугаарт: МҮБХ 2011 оны 9-р сард хоёр удаа 9 давж түрүүлэх нь нэг удаа 10 давж түрүүлэхтэй ижил эрэмбэтэй гэж эрэмбэ гаргасан. Энэ нь ямар шалгуураар дээрх 2 амжилт ижил болох нь тодорхойгүй тул дараагийн аваргуудад маргаан дахин үүссэн.
МҮБХ-ны 2021 оны Ээлжит бус Их эе болон 2022 оны IX Их эе хурлууд дээр одоо ид барилдаж байгаа аварга цолтой бөхчүүд "...аварга цолыг авсан оноор болон амжилтаар эрэмбэлэх..." гэсэн зарчмын зөрүүтэй санал гарган хэлэлцэж, олонхын саналаар амжилтаар эрэмбэлнэ гэж баталсан.
Дархан аварга А.Сүхбат МҮБХ-ны Их Эе хурлуудад эрэмбийн асуудлаар санал оруулж бүх бөхчүүдийн төлөөлөлийн Их хурлаараа хэлэлцүүлэн шийдүүлэх бүрэн боломжтой байсан. Гэвч аль ч хурлуудад оролцох урилга авсан боловч ирээгүй болно гэжээ.