Иргэдийн өдөр тутмын бага дүнтэй гүйлгээ, дүнгийн хязгаарлалтгүй явагддаг картын төлбөр тооцооны системүүд 24/7/365 горимоор ажилладаг. Харин системийн хувьд нэн чухал Банксүлжээ систем зөвхөн ажлын өдрүүдэд тодорхой цагт ажилладаг. Тэгвэл наадмаар бид бүтэн ЕС хоног амарна. Их дүнтэй (5 сая төгрөгөөс дээш) гүйлгээ байгаа бол өнөөдөр эртхэн л шилжүүлэхийг банкныхан зөвлөж байна. Ажлын цагаас хойш их хэмжээний мөнгө шилжүүлвэл олон хоног түгжүүлэх эрсдэлтэй гэсэн үг. Их дүнтэй гүйлгээ учраас банкууд иргэдийн эрсдэлийг хамгаалахын тулд заавал хэдэн цаг шалгах хэрэг гардаг аж. Тиймээс их мөнгөн дүнтэй гүйлгээ хийх гэж байгаа бол ажлын цагт багтаан банканд хандах ёстой аж.
Төлбөр тооцоо хийх, шилжүүлэхдээ дараах мэдээллийг анхаарна уу
Тухайлбал 5 сая төгрөгөөс дээш дүнтэй хэрэглэгчийн гүйлгээг ажлын өдрүүдэд 9.10-16.30 цагийн хооронд, санхүүгийн байгууллага хоорондын их дүнтэй гүйлгээг 9.10-17.10 цагийн хооронд дамжуулдаг.
Өндөр дүнтэй, эрсдэл өндөр, нэн чухал гүйлгээг дамжуулахдаа Монголбанк нь системийн аюулгүй найдвартай байдлыг хангах, үйл ажиллагааг тогтмол хянах, бусад газар хэлтэстэй хамтран ажиллаж, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангуулах, системд үүсч болзошгүй бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байдаг тул зөвхөн ажлын өдрүүдэд их дүнтэй гүйлгээг дамжуулах боломжтой. Мөн банкууд өөрийн дотоод журмын дагуу хэрэглэгчийн их дүнтэй гүйлгээг илгээхээс өмнө хэд хэдэн шат дамжлагаар шалгаж, холбогдох хяналтыг тавьсны дараа Банксүлжээ системд илгээдэг байна.
Олон улсад ч мөн их дүнтэй гүйлгээний систем нь ажлын өдрүүдэд тодорхой цагийн хуваариар ажилладаг байна. Тухайлбал:
- Австралийн RITS систем ажлын өдрүүдэд 07.30-22.00 цагийн хооронд,
- Хятадын HVPS систем ажлын өдрүүдэд 08.30-17.00,
- Филиппины PhilPaSS систем ажлын өдрүүдэд 9.00-17:45,
- Европын холбооны Target2 систем ажлын өдрүүдэд 7.00-18.00 цагийн хооронд тус тус ажилладаг.
Гадаад төлбөр тооцооны хувьд банк тус бүр олон улсын СВИФТ сүлжээ, мөнгөн гуйвуулгын MoneyGram, Western Union зэрэг байгууллагатай холбогдон, өөрийн ажиллах цагийн хуваарийн дагуу харилцагчдын олон улсын гүйлгээг дамжуулах, хүлээн авах боломжтой байдаг.