Цэргийн гавьяаны одонт, БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Зэвсэгт хүчний 167 дугаар ангийнхан хугацаат цэргийн алба хаагчдынхаа амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор байгалийн үзэсгэлэнт газраар аялах өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр дайчид шинээр ашиглалтад орсон “Говийн байгаль, түүхийн музей”-тэй танилцаж, орон нутгийн үзэсгэлэнт байгаль "Ёлын ам", "Мухар шивэртийн ам"-аар зочилж, нэг өдрийг мартагдашгүй дурсамж дүүрэн өнгөрөөсөн юм.
Дайчид байгалийн үзэсгэлэнд саатахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд ойролцоох орчны хог хаягдлыг цэвэрлэж, олс таталт, хөгжөөнт буухиагаар өөр хоорондоо өрсөлдөв. Ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргал хугацаат цэргийн алба хаагчид руугаа чиглэсэн энэхүү арга хэмжээг цаашид хэвшүүлж, жил бүр зохион байгуулна гэдгээ илэрхийлээд чөлөөт цаг, амралт нь дайчдын хамт олонсог уур амьсгалыг улам бэхжүүлдэг давуу талтайг онцоллоо.