Узбекистаны парламентын Хууль тогтоох танхим тус улсын Үндсэн хуулийн Каракалпакстан улсын бүрэн эрхт байдлын тухай заалтыг хэвээр үлдээхээр шийдэв. Эрх баригчид нь тус бүс нутгийн тусгаар тогтнох эрхийг цуцлахаар төлөвлөсний улмаас энэ сарын 1-нд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм.
Тодруулбал, Узбекистаны Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эрх баригчид нь нийтэлсний дараа Каракалпакстаны нийслэл Нукус хотын гудамжинд олон мянган хүн жагсжээ. Каракалпакстаны оршин суугчид бүгд найрамдах улсынх нь бүрэн эрхт статусыг цуцлах, Узбекистанаас салан тусгаарлах эрхийг нь хасах гэсэн хоёр нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцэв.
Нукус хотод болсон жагсаалын дүрс бичлэг энэ сарын 1-нд нийгмийн сүлжээгээр таржээ. Мөн өдрийн орой Узбекистаны Дотоод хэргийн яам тус бүгд найрамдах улсад хэв журам тогтоосноо мэдэгдсэн бөгөөд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг Каракалпакстаны оршин суугчдад буруу тайлбарласнаас уг хэрэг явдал гарсныг тодотгосон байна. Гэвч маргааш нь эсэргүүцлийн жагсаал үргэлжлэв. Түүгээр зогсохгүй тус бүгд найрамдах улсад жагсагчид болон аюулгүй байдлын хүчнийхний хооронд мөргөлдөөн эхэлжээ.
Энэ сарын 2-нд Каракалпакстаны эрх барих дээд байгууллага, Засгийн газар, Дотоод хэргийн яам хамтарсан мэдэгдэл хийж, жагсагчид төрийн эдгээр байгууллагыг булаан авч, улмаар нийгмийг хагалан бутаргах оролдлого хийсэн гэв. Мэдэгдлээс үзвэл, эдгээр үйлдлийг таслан зогсоож, эмх замбараагүй байдал үүсгэгчид болон эсэргүүцэл үзүүлсэн хүмүүсийг саатуулсан байна. Гадаадын зарим хүчин нөхцөл байдлыг даамжруулахыг оролдсоныг уг мэдэгдэлд мөн тэмдэглэжээ.
Өнгөрсөн бямба гарагт Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Каракалпакстаны нутаг дэвсгэрт онц байдал тогтоов. Тэгэхдээ, хэрэв Каракалпакстаны ард түмэн сэтгэл дундуур байгаа бол бүгд найрамдах улсын статустай холбоотой нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахгүй гэж тэрбээр мэдэгджээ.
Ням гарагт Ш.Мирзиёев Каракалпакстанд очиж, тус бүгд найрамдах улсын парламентын гишүүд болон оршин суугчидтай уулзлаа. Мөргөлдөөний улмаас энгийн иргэд болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид амиа алдсаныг тэрбээр уулзалтын үеэр мэдэгдсэн. Гэхдээ шархадсан болон амиа алдсан хүмүүсийн тоог хэлээгүй байна.
Каракалпакстаны Эрүүл мэндийн сайд Султанбек Зияевийн мэдэгдсэнээр жагсагчид болон аюулгүй байдлын хүчнийхэн хоорондын мөргөлдөөний үеэр Нукус хотын эмнэлгүүд шархадсан өвчтөнүүдээр дүүрчээ. Даваа гарагт daryo.uz цахим хуудас Ерөнхий прокурорын газраас эш татан Каракалпакстанд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 18 хүн амиа алдсан тухай мэдээлсэн байна.
Үүний өмнө сөрөг хүчний улстөрч Пулат Ахунов “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа дор хаяж таван хүн амиа алдсан гэжээ. Түүний хэлснээр олон арван хүний амь эрсэдсэн гэх мэдээлэл баттай биш аж.
Онц байдал тогтоосны улмаас өөртөө засах эрхтэй улсын оршин суугчид чөлөөтэй зорчиж, мэдээлэл авч чадахгүй байгааг тэрбээр мэдэгдэв. Гэсэн ч зарим газарт хүмүүс жагсаал. цуглаан хийсээр байгаа гэнэ. “Нөхцөл байдал бүрэн хяналтаас гарч болзошгүй. Энэ бол Каракалпакстаны статусын тухай биш, харин каракалпак, узбекүүд хоорондын мөргөлдөөн юм. Энэ л хамгийн аюултай зүйл” гэж нутаг заагдан цөлөгдсөн улстөрч хэлжээ.
Хөл хориог наймдугаар сарын 2 хүртэл нэг сарын хугацаатай тогтоосон бөгөөд иргэдийг шаардлагагүй бол гудамжинд гарахгүй байхыг зөвлөж, олныг хамарсан цуглаан хийхийг хориглон, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан нь эмх замбараагүй байдлын цар хүрээ хэр том байсныг гэрчилж байна хэмээн ВВС онцлон тэмдэглэжээ.
Сүүлийн долоо хоногт Каракалпакстан руу хоёр ч удаа ниссэн Ш.Мирзиёев тус бүгд найрамдах улсад байдал тогтвортой байна гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, жагсаал нь “Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцсэн нэрийн дор Узбекистаны байдлыг тогтворгүй болгож, бусниулах гэсэн хүчнүүд түрэмгийлэл, хүчирхийллийн замыг сонгосны үр дүн” бөгөөд тус улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлж байна.
Гудамжинд хүмүүс амь үрэгдсэн, их хэмжээний цус асгарсан тухай нийгмийн сүлжээнүүдээр гарсан бичлэгүүдийг хуурамч болохыг Ш.Мирзиеев мэдэгджээ. Эрх баригчдынх нь мэдээлснээр жагсагчдыг тараахад ашигласан усан бууг тэдгээр бичлэгт улаанаар будсан байв. Гэхдээ тус улсын эрх баригчид жагсаалын үеэр хүний амь хохирсон, мөн иргэд шархадсаныг үгүйсгэхгүй байна.
Каракалпакстаны иргэний идэвхтнүүд гар утасны интернэт ашиглах, холбоо барих ийм хэрэгсэл голдуу хэрэглэдэг бүс нутгуудын иргэд гадаад ертөнцтэй харилцах боломжгүй байсныг мэдэгджээ. Тус бүгд найрамдах улсад жагсагчдын удирдагчид болон сэтгүүлчдийг зөвшөөрөлгүй баривчилсан тухай идэвхтнүүд мөн мэдээлэв.
Узбекистанд болон тус бүс нутгийн хэмжээнд болж буй үйл явдлын үр дагаврын талаар ажиглагчид хэдийн ярьж эхлэв. Узбекистаны улс төр судлаач Рафаэль Сатиров “Current time” телевизэд өгсөн ярилцлагадаа “Тус улсын эрх баригчид болон Каракалпакстаны ард түмэн хоорондын харилцааг хамгийн муу хувилбараар авч үзвэл Анкарагийн удирдагчид курд үндэстэн цөөнхдөө ханддаг шиг байдал үүсэж магадгүй” гэж мэдэгджээ.
Каракалпакстан нь газар нутгийн хэмжээгээр Узбекистандаа хамгийн том бүс нутаг. Узбекистаны газар нутгийн 40 орчим хувийг эзэлдэг тус бүгд найрамдах улс нь хэл, угсаатны хувьд казахуудтай хамгийн ойр байдаг турк хэлтэн каракалпакуудын өлгий нутаг юм.
Каракалпак өөртөө засах эрхтэй муж нь 1924 онд байгуулагдсан бөгөөд 1930 он хүртэл Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казах Улсын бүрэлдэхүүнд байв. 1936 онд Каракалпакийн өөртөө засах эрхтэй улсыг Узбекистаны бүрэлдэхүүнд нэгтгэжээ. Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараа тус бүс нутаг Бүгд Найрамдах Каракалпакстан Улс болж өөрчлөгдсөн аж. 1993 онд Каракалпакстаныг Узбекистаны бүрэлдэхүүнд оруулах тухай 20 жилийн хугацаатай, улс хоорондын хэлэлцээр байгуулжээ. Уг баримт бичгийн дагуу, хэрэв хүсвэл Узбекистанаас Каракалпакстан салан тусгаарлаж болно. Гэхдээ Узбекистаны талаас заавал зөвшөөрөл авах ёстой.
Каракалпакстан нь 2020 оны эхний байдлаар ойролцоогоор нэг сая 990 мянган хүн амтай. Каракалпак, узбек гэсэн албан ёсны хоёр хэлтэй. Бүгд Найрамдах Каракалпакстан Улс өөрийн гэсэн Төрийн сүлд, далбаа, дуулал, Үндсэн хууль, Засгийн газартай. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийнхээ бүтцийн асуудлыг бие даан шийдвэрлэдэг. Нутаг дэвсгэрийнх нь 85 гаруй хувийг Кызылкум цөл эзэлдэг Каракалпакстаны байдал хүнд, ундны ус хангалтгүй, Арал тэнгис ширгэж буй.
Ерөнхийлөгч Ш.Мирзиёев 2021 оны арванхоёрдугаар сард Узбекистаны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гаргасан. Уг баримт бичигт 170 өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг таваас долоон жил болгон нэмэгдүүлэхийг санал болгожээ.