НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар “Хувьсаж буй боловсрол” сэдэвт дээд хэмжээний уулзалт ирэх есдүгээр сард тус байгууллагын Ерөнхий ассемблейн 77 дугаар чуулганы үеэр болох аж. Уг арга хэмжээнд бэлтгэх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн (БСҮХ) НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Хүүхдийн сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын дэмжлэгтэйгээр “Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав.
Уулзалтаар цар тахлын нөлөөгөөр боловсролын салбарт бий болж буй шинэ сорилтууд, цаашдын чиг хандлага, багшийн мэргэжил, бодлого төлөвлөлтийн талаар хэлэлцсэн байна. Хэлэлцүүлэгт оролцогчид цар тахлын үеийн цахим хичээлийг дүгнэхдээ “Зайны сургалтын хувилбарт тусгайлсан хөтөлбөр бэлдээгүй. Цахим сургалт явуулахад багш нарын ур чадвар хангалтгүй байсан. Хүүхэд гэртээ суралцахад дэмжлэг үзүүлэх хэмжээнд эцэг, эхчүүдийг бэлдэж чадаагүй. Хүүхдийн сайн сайхан байдалд анхаараагүй. Сургууль нь зөвхөн сургалт явуулдаг бус, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхэд хамгаалал, хоол тэжээл, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдгийг харгалзан үзэлгүйгээр зөвхөн теле хичээлд л анхаарал хандуулсан. Бусад бүх үйлчилгээ хаягдаж, төсөв хэмнэсэн” гэсэн юм. Мөн боловсролын тэгш хүртээмж, технологийн дэвшлийг сургалтад ашиглах та байлаар хэлэлцэв. “Хотын төв, аймаг, сумын сургуулиудын хэрэглэгдэхүүн асар их ялгаатай. Кэмбрижийн сургалттай сургуулиудад багш нь хичээлээ заахаас гадна ухаалаг дэлгэцийг ашиглаж, хосолмол байдлаар сургалтаа явуулдаг. Техник, технологийн эринд амьдарч буй хүүхдүүдэд танхимын болон цахим сургалтыг хослуулах нь зүйтэй. Энэ нь боловсролын салбарын хөгжлийн ирээдүйн гол чиг хандлага юм. Гэвч хотын төв, алслагдсан сумд сурч байгаа хүүхдүүд тэнгэр, газар шиг зөрүүтэй. Үүнээс болж ялгаатай байдал улам нэмэгдэж, хүртээмж багасаж байна” хэмээлээ.
БСҮХ-ийн захирал М.Итгэл “Тус хэлэлцүүлэг нь зөвхөн боловсролын салбарынхны бус, олон нийтийн оролцоог хамруулж байгаагаараа онцлог боллоо. Энэ уулзалтаас өмнө иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн, бизнес эрхлэгчид, залуусын төлөөлөл зэрэг 500 орчим хүнийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Түүнээс гарсан 960 саналыг 20 орчим багц болгож хэлэлцлээ. Эндээс гарсан үр дүнг есдүгээр сард АНУ-д зохион байгуулагдах НҮБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад өргөн барих юм” гэв.