Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажлын хэсэг НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Сүхбаатар аймагт ажиллаж байна. Амйгийн Засаг дарга М.Идэрбат ажлын хэсгийнхнийг хүлээн авч хүн ам, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөв.
Тус аймагт 65 мянган хүн амьдарч байгаа бөгөөд 0-18 насны 23 мянган хүүхэд, 15-34 насны 19 мянган залуучууд байна. Мөн сүүлийн хоёр жил гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй ч ахуйн хүчирхийлэл өсөх хандлагатай байгаа аж. Бүтэн өнчин болон хагас өнчин, архины хамааралтай гэр бүлтэй, хурдан морины унаач хүүхдийн асуудал багагүй бэрхшээлтэй байгаа ч холбогдох төр болон олон улсын байгууллага, хувийн хэвшилтэй хамтран тусламж, дэмжлэг, хамгаалах үйлчилгээ үзүүлж байгаа талаар дурдлаа. Тус аймагт хүчирхийллээс хамгаалах байр өнгөрсөн сард ашиглалтад орж зориулалтын байранд үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна.
Уулзалтад НҮБ-ын Хүн амын сангийн Хөтөлбөрийн ахлагч Б.Оюун, Төслийн зохицуулагч Б.Цэндмаа, Хөтөлбөрийн менежер Х.Баттуяа болон Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Р.Алтаннар, ГБХЗХГ-ын дарга М.Туул, НДХ-ийн дарга П.Амар, ХХҮГ-ын дарга Д.Гэрэлбадрах оролцож хариуцсан асуудлын хүрээнд үйл ажиллагааны болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.
Нийгмийн даатгал болоод халамжийн үйлчилгээ, үйл ажиллагааны цахимжилт иргэд болон төрийн албан хаагчдад түргэн, шуурхай үйлчилгээ үзүүлэх, бичиг цаасны ажлыг бууруулах зэрэг олон талын давуу талтай байгааг онцлов. Мөн нийгмийн даатгалын тэр дундаа малчин, хувиараа бизнес эрхлэгчийн сайн дурын хамрагдалт нэмэгдсэн байна. Цаашид нийгмийн даатгалын хамралтыг илүү нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Энэ онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 7 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд тус аймагт хөтөлбөрийн хэрэгжилт эрчимтэй үргэлжилж байгаа аж. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт тогтвортой ажилтан, аймаг сумдад мэргэшсэн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч чухал шаардлагатай байгааг Сүхбаатар аймаг төдийгүй бусад аймгийнхан хэлж байсан юм.