"Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл-2022" үндэсний чуулганыг өнгөрсөн гурав хоногт (Зургадугаар сарын 28, 29, 30) Орхон, Булган аймагт амжилттай зохион байгууллаа. Тус чуулганд дээрх төслийн үндэсний зөвхөн зохицуулах багийн гишүүн БШУЯ, БОАЖЯ, БСҮХ, БОМСТ, БЕГ, МУБИС, ЦУНБХТ, МХЕГ, БҮТ, МҮОНРТ, ТХТ-ийн “Амгалан дэлхий” ТББ, "Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслийн орон нутгийн зөвлөн зохицуулах баг, зорилтод зургаан аймаг Архангай, Булган, Орхон, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг, Улаанбаатар хотын Баянгол, Сонгинохайрхан дүүргийн төлөөлөл, төслийн загвар 30 сургуулийн багш, сурагч гээд 280 орчим хүн оролцож, тогтвортой хөгжлийн талаарх санал, шүүмж хэлж, шийдлээ ярилцлаа. Чуулганы эхний өдөр БШУЯ “Хувьсаж буй боловсрол” сэдвээр үндсэн илтгэл тавьж, багш, сурагчдын саналыг сонсон. Түүнчлэн үндэсний болоод орон нутгийн түшиц байгууллага, хэрэгжүүлэгч баг, төслийн загвар сургуулиудын төлөөлөл төслийн ололт амжилт, шийдлийнхээ талаар дэд илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Чуулганд урилгаар оролцож буй "Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслийн олон улсын зөвлөх Мита Нангия Госвами энэ үеэр "Тогтвортой хөгжлийн бодлогын чиглэлээр Монгол Улс манлайлагч орон гэж би үздэг. Үүний нэг баталгаа нь НҮБ-ын ЮНEСКО-оос гаргасан Тогтвортой хөгжлийн бодлогын арга аргачилалын олон улсын эмхтгэлд орсон Тогтвортой хөгжлийн тэргүүлэх 5 чиглэлийн хоёрыг нь Монгол Улс амжилттай хэрэгжүүлж, жишиг улсаар нэрлэгдсэн явдал юм. Мөн өнөөдрийн чуулганаар хийж бүтээсэн ажлаа нүүр бардам хэлэлцэж байгаа нь бас нэгэн бодит жишээ билээ" хэмээн ярьсан.
“Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл- 2022” үндэсний чуулганы дараагийн үйл явдал Булган аймгийн Хялганат тосгонд уулын энгэр, усны дэргэд, модны захад, хүүхдийн зуслан, байгалийн сайханд үргэлжилсэн юм. Энэ өдөр сурагчид "засаглаж" өөрийн саналаа ил шулуун хэлсэн билээ. Мөн "Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төсөлд хамрагдсан сургуулиуд Щвейцарийн хөгжлийн агентлагаас авсан санхүүжилт, БСШУЯ, БОАЖЯ-ны дэмжлэгийн хүрээнд юу хийж бүтээсэн, сурагчдад тогтвортой хөгжлийн ямар боловсрол олгосноо үйл хэрэг хийсэн бүтээснээрээ дэлгэн харуулсан юм. Мөн олон олон сайн туршлагуудыг оролцогчид онцолж цааш нь түгээн дэлгэрүүлнэ хэмээж байсан. Тухайлбал, Орхоны 14 дүгээр сургуулийн сурагчид анги танхимынхаа тог цахилгааныг зүй зохистой хэрэглэснээр тухайн сургуулийнхан гурван сая төгрөгийг хэмнэсэн гэнэ. Архангайн Батцэнгэл сумын ЕБС-ынхан төслийн хүрээнд дотуур байранд халуун усны тохилог өрөө, ариун цэврийн байгууламжтай болсон. Ховд аймгийнхан 18 төрөл зүйлийн 2500 орчим мод тарьж ургуулсан амжилтуудыг гаргажээ. Түүнчлэн төсөлд хамрагдсан сургуулиуд боловсролын сэтгэлзүйчтэй болсон нь сайшаалтай. Щвейцарийн хөгжлийн агентлагаас үндэсний чуулганы төгсгөлд төслийн санхүүжилтийг үр дүнтэй зарцуулсан хэмээн үзэж төслийг нэг жилээр сунгах болсноо албан ёсоор мэдэгдсэн нь багш, сурагчдад урам өгсөн юм.