Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн П.Одончимэг
Орхон аймгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд байгаль орчны мэдлэгээ тэлэх, дадлага хийх ая, тухтай боломж бүрдэв. Тодорхой хэлбэл, Орхон аймгийн төв Эрдэнэтэд Байгаль орчны явуулын мэдээллийн төв нээж, үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ. Тус явуулын мэдээллийн төв эхний ээлжид Эрдэнэтийн 70 орчим сургууль, цэцэрлэгээр “аялж”, сурагчдад эх дэлхийн талаарх мэдээлэл өгнө. Цаашлаад зэргэлдээ аймаг, сумын хүүхдүүдэд сайн туршлагаа түгээх зорилготой. Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн П.Одончимэгээс энэ талаар тодрууллаа.
- Байгаль орчны явуулын мэдээллийн төвийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Щвейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр Байгаль орчны явуулын мэдээллийн төвөө нээлээ. Байгаль орчны явуулын мэдээллийн төв байгуулсан нь улсын хэмжээнд анхны тохиолдол юм. Тиймээс хүүхэд сурагчдад их өгөөжтэй ажил боллоо хэмээн харж байна.
-Явуулын мэдээллийн төв хүүхдүүдэд яг ямар мэдээлэл өгөх юм бэ?
-Орхон аймгийн хэмжээнд 26 сургууль, 39 цэцэрлэг бий. Эдгээр 70 орчим боловсролын байгууллагад 30 000 гаруй хүүхэд сурдаг. Ирэх намраас Боловсрол, шинжлэх ухааны газар, сургуулиудтай хамтраад эерэг нөлөөллийн ажил зохион байгуулна. Тухайлбал, сурагчдад нэн тэргүүнд технологид суурилсан мэдээлэл түлхүү өгнө. Мөн эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван чиглэлээр хүүхдүүдэд боловсрол олгох юм. “Тогтвол хөгжлийн боловсрол-II” төслийн нэгжүүдтэй хамтраад энэ чиглэлийн мэдээллүүдээ бэлтгээд ажиллаж байна. Манай аймаг 100 000 гаруй хүн амтай. 30 000 хүүхдэд эко боловсрол олговол тэд эргээд томчуудад нөлөөлж чадна. Заавал том хүн хүүхдэд заах бус, хүүхдүүд аав, ээждээ экологийн боловсрол олгох бололцоотой. Хүүхдүүд наад зах нь мэргэжлийн тоног төхөөрөмж дээр ажиллаж, хөрс, усаа өөрсдөө шинжилдэг болно.
Үүнээс гадна байгалийн нөөц баялгийг ашигладаг, улмаар байгаль орчинд ямар нэг байдлаар сөрөг нөлөөлөл үзүүлдэг байгууллагуудад явуулын мэдээллийн төвийнхөн хүрч, мэдээлэл өгөх юм.
- Байгаль орчны явуулын мэдээллийн төвд ямар ямар тоног төхөөрөмжтэй юм бэ?
-Хөрсний чанарын судалгаа хийх, иж бүрэн төхөөрөмж хүлээж авсан. Усаа мөн үүгээр шинжилнэ. Ан амьтан биологийн төрөл зүйлүүдийг газар дээр хэмжиж, судалгаа хийж хүүхдүүдэд харуулах, улмаар дадлагажуулах боломжтой багажууд өгсөн. Хоёр том асар, сандал, ширээнүүд, лед дэлгэц, проектер, мэдээлэл байршуулах хөлтэй самбарууд гээд олон хэрэгсэлтэй болсон. Цаашдаа ч тоног төхөөрөмжүүд нэмж авчрах юм. Дээр дурдсан багаж, хэрэгслүүд нэг л хэсэг нь юм.