Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооныхон Төрийн ордны зүүн хаалганы гадаа өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталлаа. Монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг зургаан насны ангиллаар уралдах зохицуулалтыг уг хуульд тусгажээ. Монгол наадам, үндэсний хурдан морины уралдаан, түүнийг дагасан өв соёлоо хуульчлан хамгаалсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Шадар Сайд болон бусад гишүүнд баярлалаа” гэж мэдэгдэв.
Түүнчлэн УИХ шийдвэр гаргасны дагуу Засгийн газраас дагаж мөрдөх журам буюу дүрмийг боловсруулах тухайд тэд үг хэлсэн юм. “Монголын 300 гаруй мянган малчин өрхийн эрх ашгийн эсрэг олонтоо дуугарч ирсэн, өнөөдөр ч гэсэн “Энэ удаагийн наадмаар хурдан морьдыг сэрвээний өндрөөр ялгаж уралдааны замд гаргая, зөвшөөрчих, гарын үсэг зурчих гэж Үндэсний морин уралдаан, уяачдын холбооныхныг дарамталж байгаа ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханыг огцруулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардаж байна” гэлээ.
Бэлтгэсэн Р.Жаргал