Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр ам.долларыг 3150 төгрөгөөр худалдан авч, 3157-гоор зарж байлаа. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс уг валютыг авах ханш 15, борлуулах нь 17 төгрөгөөр өссөн дүн юм. Түүнчлэн нэг сарын өмнөхөөс авах ханш нь даруй 30, худалдах нь 32 төгрөгөөр чангарсан үзүүлэлт болов. Дийлэнх арилжааны банкны бэлэн бус ханшаар америк мөнгөн тэмдэгтийг өчигдөр 3125 төгрөгөөр худалдан аваад, 3135-аар зарж байлаа. Цөөн заримынх нь хувьд дээрх дүн 3126, 3136 төгрөг байсан юм. Тэгвэл Монголбанкнаас зарласан ханшаар өчигдөр ам.доллар 3132.31 төгрөгтэй тэнцэж байв.
Сонирхуулахад, гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк өнгөрсөн тавдугаар сард 10 удаагийн спот арилжаа хийж нийт 388.1 сая ам.доллар нийлүүлсэн. Харин энэ сар гарснаас хойш долоон удаагийн спот арилжаагаар 309 сая “ногоон” нийлүүлээд байна. Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар гадаад валютын албан нөөц 3.12 тэрбум ам.доллар болсныг дээрх банкны цахим хуудсанд тэмдэглэжээ. Ташрамд дурдахад, “Найман шарга” захын ченжүүд юань эрэлттэй буйг хэлж байлаа.
Бэлтгэсэн Б.Сонор