П.Самандбадраа (урлагийн нэр Тамир)-ын "Очироор огтлогч"
Хархорин сумд “Эрдэнэсийн хүрээ Монгол бичлэгийн урлагийн” төвийг зургадугаар сарын 25-нд шинээр нээлтээ хийж, уран зургийн үзэсгэлэн гаргалаа.
Эртний соёлын өв болсон Хархорин сумд нээгдсэн тус төв уран бүтээлчдийн туурвисан бүтээлүүдтэй танилцаж, ялангуяа монгол гэрт ямар хэв маягаар уран зургийн үзэсгэлэн гаргасан болохыг сурвалжлахаар манай баг тус сумд очив. Эртний нийслэл Хорхорумтой холбож уламжлалт байдлаа хадгалж үлдэхийн тулд монгол гэрт үзэсгэлэн дэлгэсэн байв.
Гадаад, дотоодын аялал жуулчдын нүдийг баясгаж, оюуныг тэлсэн дахин давтагдашгүй уран бичлэг, барласан бүтээл, уран зургуудыг калиграф урлагтай хослуулан урласан үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй дэлгэжээ. Тус үзэсгэлэнг үзэж, харахаар гадаад, дотоодын жуулчид олноор зорин иржээ. Үзэсгэлэнг 5, 6, 8 , 12 ханатай нийт найман гэрт дэлгэснээрээ онцлог бас содон санагдав. Гэр болгонд ороход хананд өлгөсөн зураг бүр өөр өөр мэдрэмжийг төрүүлнэ.
“Өөрийн төсөөллийг цаасан дээр буулгаж сэтгэлийн ташаал авдаг”
Хамгийн эхэнд чөлөөт уран бүтээлч, тус сумдаа зураг, технологийн багшаар ажилладаг Ч.Гандөлийн урласан бүтээлүүдтэй танилцав. Тэрбээр “Уран зураач мэргэжилтэй. Калиграфын урлагаар сүүлийн хоёр жил хичээллэж байна. Калиграф гэдэг нь үндсэн бичлэгээс гадна нүд, гар, оюуны урыг муутуу гэх маш эмзэг цаасан дээр бийрийн үзүүрээр бичиж, зурдгаараа онцлог. Өөрийн төсөөллийг цаасан дээр буулгаж сэтгэлийн ташаал авч, уран бүтээлээ туурвидаг” гэв.
Түүний уран бүтээлүүд дундаас “Бодол” гэх уран зураг шууд нүдэнд туслаа. Уг зургийг гэрийн баруун дээд хэсэгт байршуулжээ. Уран бичлэгээр хүнийг дүрслэн харуулсан. Хүн бол байнгын сүүдэртэй. Хүний бодол ч гэсэн сүүдэртэй гэдэг утга санааг уг бүтээлээр дамжуулан илэрхийлэхийг зорьсон байна.
Найман ханатай Казах гэрт Монгол бичгийг Калиграфын зураасан аргатай хослуулан хийсэн бүтээлүүдийг ийнхүү дэлгэжээ. Казах гэрийн хээ угалз нь Калиграфын урлагтай нийцэж, маш гоёмсог харагдана. Өөрөөр хэлбэл, үндэсний хэв маягийг тусгаж, маш сайн зохиомжтой, таатай орчин бүрдүүлжээ. Уг гэрийн унь ханыг бургасаар хийсэн аж.
Чөлөөт уран бүтээлч Ч.Гандөл "Бодол",
Үл танигдах бүтээл
Үзэсгэлэнгийн гол гэрт “Эрдэнэсийн хүрээ Монгол бичлэгийн урлагийн” төвийн үүсгэн байгуулагч, уран бүтээл хариуцсан захирал П.Самандбадраа (урлагийн нэр Тамир)-ын “Очироор огтлогч судар” сэдэвтэй хийсвэр болон уламжлалт хосолсон калиграфын уран бүтээлүүдийг гэрийн ханад тогтоожээ. Хаалгаар ороход 12 ханатай гэрийг ханаар заагласан байв. Ингэж заагласан нь хос загасыг бэлгэдэж, мөн том хэмжээтэй уран бүтээлээ тогтоох шинэ шийдэл болжээ. Яг тэр хос загасыг бэлгэдэж гэрийг заагласан хананд өлгөсөн үл танигдах нэгэн бүтээл олон хүний анхаарлыг ихэд татаж байлаа. Ямар утга санааг илэрхийлсэн болохыг хүн бүр дор бүрнээ чимээгүй ажиглаж зогсоно. Төд удалгүй уг зургийг зурсан П.Самандбадраа (урлагийн нэр Тамир) эрхэмтэй уулзав. Түүнээс уг зургийн нэрийг асуутал “Нэр өгч амжаагүй” гэв. Уран бүтээл болгон өөрийн гэсэн онцлогоос хамаарч нэртэй байдаг. Гэтэл уг бүтээлд яагаад нэр өгөөгүйг асуутал “Би хийж байхдаа юу хийж байгаагаа мэдээгүй. Үүнийг трансын байдалд орох гэдэг. Өөрөөр хэлбэл, далд ухамсартайгаа холбогдож өөрийн мэдэлгүй зурж эхэлдэг.
Орчин үеийн балетын арга технологийг калиграфтай (дүрслэх урлагийн зургийн арга) хослуулж 2010 оноос хойш энэ арга техникээр уран бүтээлээ туурвидаг болсон. Энэ арга техникийг ашигладаг уран бүтээлчид дэлхийд мэр сэр бий. Ингэж зурдаг аргад тодорхой оноосон нэр байхгүй. Харин тухайн уран бүтээлч бясалгал хийх болон өөрийнхөө дотоод мэдрэмждээ хөтлөгдөж ямар ч төлөвлөөгүйгээр гарсан уран бүтээлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, зураг зурах мөчид миний урд ямар төрлийн багаж, ямар өнгийн будаг байна түүнийг аваад дотоод мэдрэмждээ хөглөгдөж зураг зурдаг гэсэн үг” гэв. Түүний яриаг сонсох тусам үл танигдах ертөнцтэй нь илүү их танилцахыг хүсэж цөөн хорим түүнтэй ярилцав.
- Хүний сэтгэл хөдлөл янз бүрээр илэрдэг. Таны хувьд тухайн өдөр сэтгэл санаа ямар байна тэр мэдрэмжээрээ уран бүтээлээ хийдэг гэж ойлгож болох уу ?
-Яг ч тэгж ойлгоход хэцүү. Миний амьдралд юу болж өрнөснийг уран бүтээлдээ шингээх дургүй. Харин эсрэгээрээ. Өөрийн далд ухамсартайгаа зарим арга техникээр холбогдож ил байдлаа ашиглахгүйгээр зурдаг.
-Та түрүүн трансын байдалд байхдаа зураг зурсан гэсэн. Иймэрхүү маягаар хэдэн уран бүтээл хийсэн бэ?
-Маш цөөхөн тохиолдолд орж байсан. Бөөгийн онгод орсны дараагаар тухайн хүн юу болж өнгөрснийг мэддэггүйтэй адилхан нөхцөл байдалд орж зураг зурдаг болохоор цөөхөн хэдэн тохиолдол бий.
-Та хэзээнээс уран бүтээлээ туурвиж эхэлсэн бэ?
- Уран бүтээл гэж яг юуг хэлэх вэ ? гэдэгт хамаг учир бий. Жишээ нь би бясалгалын арга болон трансын байдалд ороод зураг зурахыг уран бүтээл хийж байна гэж нэрлэх нь зөв үү, буруу юу. Эсвэл бодож төлөвлөж байж ямар нэгэн бүтээл хийгдэх ёстой юу гэдэгт хариулт олох нь чухал гэж бодож байна. Хүн хүний бодол санаа өөр байдаг хойно уран бүтээлийг янз бүрээр тайлбарлах байх. Миний хувьд бол одоогоор өөрийгөө уран бүтээлч гэж нэрлэхийг зориглохгүйд хамаг учиг бий л дээ.
Учир нь 10 жилийн өмнө уран бичлэгийг маш гоёор бичээд тэр нь хүнд таалагддаг байсан. Үүнийгээ уран бүтээл хийж байна гэж боддог байв. Нэг бүтээл хийхийн тулд ямар аргаар уран бичих вэ гэдгээ бодож төлөвлөдөг. Харин 2010 онд “Арт резиденс” хөтөлбөрт орчин үеийн бийрийн урлагаар суралцаж, жинхэнэ өөрийгөө тэндээс олсон. Юу хийх ёстойгоо ойлгосон гэж хэлж болно. Түүнээс хойш миний уран бүтээлд эрс өөрчлөлт гарсан. 10 жилийн өмнө Уран бүтээлч болно бодож байгаагүй. Одоо ч өөрийгөө уран бүтээлч гэж нэрлэхээс ичдэг. Яагаад гэвэл би уран бүтээл ч болохыг хүсээгүй. Хүмүүс намайг уран бүтээл хийж байна гэж харах нэг өөр хэрэг. Харин би өөрийгөө уран бүтээлч гэж нэрлэдэггүй. Жишээ нь, нэг сандал хийчхээд тэрийгээ уран бүтээл хийсэн гээд яривал ямар байх бол. Үүнтэй адил бодож төлөвлөж хийсэн зүйлийг уран бүтээл гэж нэрлэхгүй гэж л боддогдоо.
Ийм содон ертөнцтэй танилцаж, уран бүтээлч хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ гэдэгт олон зүйлийг бодогдуулам сонин хариулт өгсөн үл танигдах нууцлаг нэгэн эрхэмтэй ийн хөөрөлдөв.
Хүний дотоод мэдрэмжийг илэрхийлэгч
Гол гэрийн баруун талд байрлах дараагийн гэрт Францын уран бүтээлч, барын урлаач Агнес Дубарт Монголд ирээд урласан бүтээлүүдээ хүмүүст нээлттэй үзүүлж, зураг бүрд тайлбар мэдээлэл өгөв. Тэрбээр, монгол хүний нүдийг зураад, тэр хүнээсээ ямар нэгэн эд юмсыг бэлэгэнд авч, түүгээр нь тухайн хүний дотоод илэрхийлэмжийг гаргаж ирсэн нь их сонирхолтой. Хүний нүдийг зурахын тулд эхлээд сэтгэл зүйн байдалтай нь холбоотой 4-5 асуулт асуудаг байна. Ингээд тухайн өгсөн эд юмсаар нь тэр хүний дотоод мэдрэмжийг дүрслэн харуулсан нь их гайхмаар. Яг онож зурсан мэт. Магадгүй хүний нүд тухайн хүнийг илтгэдэг гэдэг шиг яг дүрслэн харуулсан аж. Ер бусын тайван мэдрэмжийг төрүүлсэн өвөрмөц шийдэлтэй уран бүтээлч байлаа.
Эсгийг гар урлалаас үйлдвэрийн түвшинд шилжүүлэх технологийг хөгжүүлэгч Б.Батсүх (Bajuna)
Мөн Хархорин сумын уугуул дизайнер Б.Батсүх (Bajuna) орон нутагтаа эсгий урлагийг хөгжүүлэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт орж, өөрсдийн хийсэн бүтээлээр тус үзэсгэлэнг гэгээлэг өнгөөр чимжээ. Эсгийг гар урлалаас үйлдвэрийн түвшинд шилжүүлэх технологийг хөгжүүлэхлээр ажиллаж байгаагаа хэлэв.
Монгол хонины ноосыг боловсруулж, олон төрлийн материал хийж, ямар ч оёдолгүйгээр гадуур өмсөх боломжтой хувцас хийсэн нь хэн бүхний харцыг булаасан, жинхэнэ монгол хүний ур ухаан шингэсэн бүтээл болсныг ирсэн хүн болгон магтан сайшаасан юм.
Хархорин сумд үзэж харах зүйл ихтэй юм. Уншигч танд сонирхуулж бичих зүйл их байв ч хэтэрхий сунжууруулаад хэрэггүй гэж бодоод энэ хүрээд гэр үзэсгэлэнгээр зочилсон сурвалжилгаа жаргаая.