Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ нь “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” /LEEAP/ болон төслийнхөө үр дүнг хүлээлгэн өглөө. Тус төсөл нь эрчим хүч хэмнэх, агаарын бохирдлыг бууруулах, барилга байгууламжийн ашиглалтыг уртасгах, иргэдийн тав тухтай амьдрах орчныг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Төслийн үр дүнг хүлээлгэн өгөх арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслөөр гэр хорооллын 22 сургууль, цэцэрлэгийн засвар шинэчлэлийн ажил, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийг ил тод болгоход чиглэсэн болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөлтийг бэхжүүлэх олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн бодлогын түвшинд “Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулсан нь чухал үр дүнтэй ажил болсныг онцлох нь зүйтэй юм. Цаашид төслийн хүрээнд олж авсан сайн туршлагад үндэслэн хөрөнгө оруулалтын ажлуудыг илүү нээлттэй, оновчтой болгож, эрчим хүчний хэмнэлтийг хэрэгжүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх ажлуудыг үргэлжлүүлэн хийж, хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна” хэмээв.
Энэ үеэр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн удирдагч Др.Дуняа Хоффман хэрэглэж буй эрчим хүчээ бууруулахын тулд барилга байгууламж, ялангуяа сургууль, цэцэрлэгүүдийн дулаан алдагдлыг багасгаж, цаашлаад эрчим хүчний ашиглалтыг бууруулах нь чухлыг хэлж байв. Мөн тэрбээр 2018 оноос төслийг амжилттай хэрэгжүүлж, үүний үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, төслийн үр дүнг албан ёсоор хүлээлгэн өгч байна гэдгийг онцоллоо.
“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн бүрэлдэхүүн хэсгийн менежер С.Түвшинхүү “Хуучин системийн үед барьсан угсармал орон сууц, сургууль, цэцэрлэгийн эрчим хүчний хэрэглээ өнөөдрийн норм дүрмийн шаардлагаас даруй 2-3 дахин илүү байна. Иймд стандартад нийцүүлж, сэргээн засварлах, шинээр барьж буй барилга, байгууламжийг эрчим хүчний хэмнэлттэй болгох боломжийг туршиж, нэвтрүүлсэн. Барилга, байгууламжийг дулаалснаар ашиглалтын хугацааг мөн нэмэгдүүлдэг” гэв.
Төслийн зорилт нь Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг яаж сайжруулах вэ гэдэгт оршино. Төслийн үйл ажиллагааг олон нийтийн барилга буюу сургууль, цэцэрлэгүүд, угсармал орон сууц, амины орон сууц, шинэ барилга гэсэн дөрвөн хэсэгт хуваасан хэмээн Төслийн бүрэлдэхүүн хэсгийн менежер С.Цэцгээ ярилаа.
Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын 22 сургууль, цэцэрлэгийн засвар шинэчлэл, 26 амины орон сууцыг эрчим хүчний хэмнэлттэй стандартад нийцүүлэн сэргээн засварлах, иргэдийн төсвийн талаарх гарын авлага, цахим платформ, хөрөнгө оруулалтын гарын авлага, албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийж, хэрэгжүүлжээ. Түүнчлэн NAMA буюу Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төслийг наймдугаар сард эхлүүлэхээр болжээ.