Өнөөдөр ЭЕШ эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. Энэ жил 36253 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Үүний 29200 нь энэ жил сургуулиа төгссөн сурагчид байна. Үлдсэн 7000 гаруй нь дахин шалгалт өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчид аж. Улсын хэмжээнд 49 шалгалт авах байр бэлджээ.
ЭЕШ-ын хариугаа хэрхэн авах талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “ЭЕШ дууссаны дараа хариу бөглөх хуудсыг хураан авч, тэр дор нь автомат машинаар уншуулж, эхний дүнг буюу тухайн материалыг хэдэн хувь гүйцэтгэсэн дүнг шууд харуулна. Харин улсын хэмжээн дэх нийт 49 шалгалт авах байрын дүн мэдээллийг БҮТ нэгтгээд, хэмжээст оноо буюу 800 онооноос хэдэн оноо авсан тухай мэдээг тухайн өдрийн орой албан сайтдаа байршуулах учраас шалгуулагчид оноогоо харах боломжтой.
Мөн ЭЕШ-ын батламж хуудсыг энэ жилээс эхлэн цахимаар авах боломжтой. Сайтаар нэвтрэн татаж авахаас гадна E-Mongolia систем, ТҮЦ машинаас хэвлэж авч болно. Шалгуулагчдыг хичээл сонголтоор авч үзвэл 80 орчим хувь математик, физик, англи хэл зэрэг хичээлээр сонгосон байна.
Шалгуулагчид шалгалт өгөх байраа урьдчилж судалж, цагтаа очих хэрэгтэй. Хэрэв шалгалт өгөхөөр хоцорч ирсэн тохиолдолд оруулах журам, зохицуулалт байхгүй учраас бичиг баримтаа бүрдүүлж, цагтаа ирж шалгалтаа өгөхийг уриалж байна" гэдгийг хэллээ.