Дархан-Уул аймгаас Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олджээ. Судалгааг Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн Профессорын 2 дугаар багийн ахлагч, доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг малтан судалж байна. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөл Бунхант булшны олдворуудтай танилцаж цаашид судалгааг хийхдээ аюулгүй байдлаа хэрхэн ханган үргэлжлүүлэх, хамгаалах асуудлаар санал солилцож холбогдох шийдвэрийг гаргасан юм.
Тус дурсгалт газар нь Монголын түүхэнд маш бага судлагдсан ховор олдвор бөгөөд Сяньбигийн үеийн хаад язгууртнууд хамгийн том хэмжээтэй бунхант булшнуудтайгаараа онцлог юм. Малтлагын ажил 2022 оны 06 дугаар сарын 06-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дуусах шатандаа буюу бунхныг судлах ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар олдсон олдвороос дурдвал бунхны хаалганы дотор талаас 1 бүтэн тарвага, 2 араатан амьтан, 1 бугын толгой, хүний эрүү, төмөр эдлэл, хүрэл тогооны хэлтэрхий илрээд байгаа талаар судалгааны баг мэдээллээ. Мөн Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлах газрын дарга доктор М.Оюунтулга олдворуудын хадгалалт, хамгаалалтын талаас зөвлөхөөр ажиллаж байгаа ажээ. Дашрамд дурдахад Монголын түүхэнд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш ингэж олдсон тохиолдол өнөөдрийн байдлаар гараагүй гэдгийг судалгааны багийнхан хэлж байна. Судалгааны багт Улаанбаатар их сургуулийн Түүх археологийн ангийн 1,2 дугаар курсийн оюутнууд багтаж байна хэмээн Дархан-Уул аймгийн соёл урлагийн газраас мэдээллээ.