Грекийн сөрөг хүчний Шинэ ардчилал намын тэргүүн Антонис Самарас Ерөнхий сайд Георгиос Папандреуг огцруулах, ирэх арванхоёрдугаар сарын эхээр ээлжит бус сонгууль явуулахыг шаардсан тухай ВВС мэдээлжээ. Тус улсын Парламент саяхан санал хурааж, Папандреугийн Засгийн газарт итгэл үзүүлсэн билээ. Үүний дараа Ерөнхий сайд эвслийн Засгийн газар байгуулж, өрийн хямралаас гарах арга хэмжээ авна гэдгээ амласан юм. Тэрбээр Ерөнхийлөгч Каролос Папульястай уулзахдаа “Улс төрийн хүчин, намуудтай хэлэлцээр хийж, эвслийн Засгийн газар байгуулна” гэж онцолжээ.
Гэвч сөрөг хүчний зарим нам эвслийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орохоос татгалзаж, Грекийн эдийн засгийг аюулд учруулж буй Ерөнхий сайдыг огцруулах ёстой хэмээн үзэж байгаа аж. Ерөнхий сайд Георгиос Папандреугийн Засгийн газар Европын холбооноос үзүүлж буй тусламжийг хүлээн авч, хямралыг хохирол багатайгаар туулсны дараа ээлжит бус сонгууль явуулахаар төлөвлөж байна хэмээн ажиглагчид энэ талаар онцлов. Ингэснээр эрх баригч намын нэр хүнд ард түмний дунд өсөж, сонгуульд дахин ялалт байгуулах боломжтой болох аж. Үүний зэрэгцээ Грект нүүрлээд буй өрийн хямралыг давахын тулд огцроход ч бэлэн буйгаа Георгиос Папандреу илэрхийлсэн билээ. Еврокомиссын тэрг үүн Жозе Мануэль Баррозу ч Гре кийн эрх баригчид улс төрийн ашиг сонирхлоо хойш тавьж, оновчтой шийдвэр гаргаж чадвал хямралыг давна хэмээн мэдэгдлээ.