Цахим баримтад зурагдсан гарын үсэг буюу тоон гарын үсэг нь хэвлэмэл материалд үзгээр зурсан гарын үсэгтэй ижил үүрэг, зорилготой баталгаажуулалтын нэг арга, хэлбэр бөгөөд дараах хоёр зүйлийг баталгаажуулдаг мэдээлэл юм. Үүнд, цахим баримт буюу файлд гарын үсэг зурсан этгээд буюу эзэн, хариуцагч нь хэн бэ гэдгийг, тухайн файлд гарын үсэг зурагдсанаас хойш санаатай болон санамсаргүй байдлаар ямар нэгэн өөрчлөлт ороогүй эсвэл эвдрээгүй гэдгийг нотлох үүрэгтэй. Энгийн үгээр, цахим орчинд таныг бодит хүн гэдгийг баталгаажуулж буй гэрчилгээ бол тоон гарын үсэг юм.
2022 оны зургадугаар сарын 21-ний өдрийн байдлаар 202 834 иргэнд тоон гарын үсэг олгосон байна. Ер нь УБЕГ-аас Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны 2.2 сая гаруй иргэнд тоон гарын үсэг олгоно. Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр хувь хүн, албан байгууллагууд орон зай цаг хугацааг үл хамааран ажил хэргээ явуулах боломж бүрдэж буй. Тухайлбал, интернэт банкаар дамжуулан хадгаламж барьцаалсан зээл болон дижитал зээлийн үйлчилгээ авах, төрийн цахим үйлчилгээний E-Mongolia ситемд өөрийгөө таниулан нэвтэрч, олон төрлийн лавлагаа үйлчилгээ авах, даатгал, эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой.