Чөлөөт бүсийг хөгжүүлэх концепцын талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулжээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд үүрэг, даалгавар өглөө. Тодруулбал, “Алтанбулаг” чөлөөт бүсийн цахилгаан, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх арга хэмжээ авах, санхүүжилтийг нь шийдвэрлэх талаар санал боловсруулж, танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.
Мөн Монгол, БНХАУ-ын Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хэлэлцээрт заасны дагуу Замын-Үүд чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Эрээнийхтэй уялдуулан төлөвлөхийг Барилга, хот байгуулалтын сайдад үүрэгдлээ. Түүнчлэн чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар судалж, танилцуулахыг сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт даалгажээ. Үүнээс гадна чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийг шинэчлэн байгуулахаар болов. Монгол Улсад чөлөөт бүс байгуулах, түүнийг хэрэгжүүлэх үзэл баримтлалыг батлаад 20 гаруй жил болж буй. Хууль, эрх зүйн орчин нь бүрдсэн ч чөлөөт бүсийн хөгжил удаашралтай, тодорхой ахиц гарахгүй байгаа шалтгааныг тодруулах, онол, арга зүйг нь судалж, эрдэмтэн судлаачдын зөвлөмж, шинжилгээ болон хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй бодит байдалд тулгуурлан хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг илрүүлэн, тодорхойлох шаардлагатай гэж үзсэн байна. Чөлөөт бүсийн хөгжлийн концепцыг тодорхойлох ажлын хүрээнд өнгөрсөн сард чөлөөт бүс дэх хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн “Чөлөөт бүсийн хөгжлийн бодлого” хэлэлцүүлгээс хууль эрх зүй, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилт, шинэ төсөл хэрэгжүүлэх, ерөнхий асуудал гэсэн таван багц санал, зөвлөмж гаргасан юм байна. Холбогдох ажлын хэсгийг байгуулж, ирэх нэг сарын хугацаанд идэвхтэй ажиллахыг чиглэл болгожээ.
Энэ талаар мэдээлэл өгсөн Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт Замын- Үүдийн бүтээн байгуулалтыг нэн тэргүүнд анхаарахаа онцолсон. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд Хятадын 58.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Замын-Үүдийн дэд бүтцэд нь зарцуулаад байна. Одоо Азийн хөгжлийн банкны 30 сая ам.доллароор хөрөнгө оруулалт хийнэ. Дараа нь Хөшигийн хөндий дэх чөлөөт бүсэд анхаарал хандуулна. Газар авчихаад ажлаа хийхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцална. Замын-Үүдийн чөлөөт бүсийн 900 га талбайн 113.9-ийг нь 81 аж ахуйн нэгжид олгосон. Гэвч тогтмол үйл ажиллагаа явуулж буй тавхан компани бий. Дөрөв нь бүтээн байгуулалтаа эхэлж байна. Харин Алтанбулагийн 500 га талбайн 120-ийг нь 131 аж ахуйн нэгжид олгосон. Үүнээс 29 нь үйл ажиллагаа явуулж байна. 11 нь ажлаа эхлүүлж буй. Цагааннуурын чөлөөт бүсийн 708 га талбайгаас 101-ийг нь дөрвөн аж ахуйн нэгжид олгосон ч тэд хараахан үйл ажиллагаагаа эхлүүлээгүй. Хөрөнгө оруулалт, зураг, төсөл нь бэлэн болчихсон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сарын дотор идэвхжүүлэх даалгавар өгсөн. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлнэ” гэв.