Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр боллоо. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас сүүлийн 2 жилийн хугацаанд зохион байгуулагдаагүй байсан тус хурлаар “Монгол Улсын төлбөрийн системийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийн талаар танилцуулав. Монголбанк нь 2009 оноос эхлэн Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх дунд хугацааны стратегийг таван жил тутамд батлан, хэрэгжүүлж ирсэн. Энэ удаа гурав дахь стратегийн баримт бичгийн төслийг боловсруулж, мөрдөн ажиллахад бэлэн болгоод байна. Тус стратегид 2026 он гэхэд Монгол Улсад өрсөлдөөн, инновацид тулгуурласан, хүртээмжийг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулсан, найдвартай, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан дэд бүтцээр дамжуулан төлбөр тооцоог гүйцэтгэж, төлбөр тооцоог улам бүр дижитал болгох зорилтыг дэвшүүлээд байна.
Монголбанк нь төлбөрийн системийн оролцогчдоос гадна олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Үүний нэг нь Монголбанк, АХБ-тай хамтран хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл” юм. Уг төслийг энэ онд хэрэгжүүлж дуусч байгаа бөгөөд төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлыг нэгтгэн танилцууллаа. Төслийн хүрээнд төлбөрийн системийн суурь дэд бүтэц болох банк хоорондын төлбөр тооцооны Автомат клиринг хаус, Төлбөрийн картын систем, Төв банкны үндсэн бүртгэлийн системийг шинэчилсэн зэрэг ач холбогдол бүхий томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
Эцэст нь геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ руу хийх төлбөр тооцоонд үүсэж байгаа хүндрэл болон тулгамдаж байгаа цаг үеийн асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар хуралд оролцогчид хэлэлцлээ.