Тэр амьд асансан бол энэ сарын эхээр 80 нас зооглох байв. Түүнийг монголчууд бид ядаж нэг бүтээлээр нь их сайн мэднэ. “Штирлиц” гэхээр л хэний тухай, юуны тухай хэлэх гээд буйг гадарлана. Миний цухас өгүүлэх гээд байгаа хүнийг “Штирлицийн эцэг” гэдэг юм. “Хаврын 17 учрал” гэдэг номыг ч бид эх хэл дээрээ уншсан, киног ч хэд дахин үзсэн. Зохиогч нь Юлиан Семёнов шүү дээ. Юлиан Семёнов өнгөрсөн зууны 50-иад оны дундур “Огонёк” сэтгүүлийн олон улсын мэдээллийн хэлтсээр анх удаа орж ирж гэнэ. Хожим нь Семёновын үй зайгүй найз нь болсон Оросын нэрт нийтлэлч, зохиолч Генрих Боровик тэр үед тус сэтгүүлд хоёр жил ажиллачихсан хэрдээ л туршлагатай, бас юу нийтэлж болох, юуг болохгүйг мэдэхтэйгээ болсон байж. Хэн ч үл мэдэх нүдэнд дулаахан залуу өөрийн бичсэн бэсрэг тэмдэглэлийг авчирч өгсөн нь Семёнов байв.
Ираны хааны гэр бүлийн нэгэн гишүүний Зөвлөлт Холбоот Улсад хийсэн айлчлалын тухай тэр сонирхолтой, яггүй ухаалаг, тэгсэн хэрнээ тухайн үеийн хэмжүүрээр бол тогтсон арга барилд авталгүй чөлөөтэй гэмээр бичсэн байжээ. Зөвлөлт, Оросын сэтгүүл зүйд тод од болсон хоёр хүн ийн анх нүүр учирчээ. Тэд бас хоёул сайн зохиолч байв. Эхний уулзалтаараа л биенийхээ анхаарлыг татсан байна. Юлиан их наргианч, хошин шогийн ер бусын мэдрэмжтэй, этгээд сонин сэтгэлгээтэй нэгэн байв гэнэ. Тэгсэн энэ хоёр хүний гэр нь Москвагийн Кутузовын гудамжинд ойролцоо байсан юмсанж. Семёновын эцэг Семён Ляндерс нь Николай Бухариныг “Известия” сонины эрхлэгч байхад туслахаар нь удаан хугацаанд ажилласан хүн байснаас баривчлагдаж байжээ. Зөвлөлт засаг Бухариныг буудан хороогоод туслахыг нь шоронд хийчихжээ. Тэр үед Юлька (Сем ёнов) бараг нялх амьтан байсан ч хэдийнэ “ард түмний дайсны” хүү болох нь тэр. Сталиныг нас бартал тэрбээр ийм хочтой явав.
1956 онд болсон ЗХУКНын ХХ их хурал дээр Никита Хрущевийн тавьсан илтгэл тэр цаг үеийн орос хүмүүст онцгой сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Ямар ч гэмгүй хүмүүсийг буудан алж, ер нь л ажил хэрэг ерөнхийдөө зөв биш голдирлоор яваад байгааг хүмүүс мэддэг л байв. Харин ленинизмийн үзэлд Сталин хязгааргүй сүсэлдэг гэдэгт эргэлздэггүй байлаа. Гэтэл Сталиныг нь гэнэт гэмт хэрэгтэн гэсэн нь үүлгүй байхад аянга цахилах лугаа юм болов. Юлиан Семёновт нөхөд олны зэрэгцээ ялангуяа зохиолчдын дунд түүний дайсныг тоолох аргагүй байсан гэж Генрих Боровик бичсэн байдаг. Семёновыг адал явдалт романаа бичиж суухад түүн шиг юм бүтээж чадахгүй, авьяас, чадвар муутай нөхдийнх нь зарим нь түүнийг Зохиолчдын эвлэлд элсүүлэхгүй байх, хожим нь Зохиолчдын эвлэлээс хөөх тухай асуудлыг сэдэж тавьсан хорон үгтэй ховын захидал дээш нь бичихээс өөр арга мэх олохгүй бэдэрч явсан байдаг. Гэлээ ч 1960 онд Юлиан Семёнов Зөвлөлтийн зохиолчдын эвлэлийн эгнээнд оров.
Энэ байгууллагын нэр хүндтэй гишүүн нь байж чадсан юм. Тэрбээр бүтээлээ нийтлэл, уран зохиолын уулзвар дээр чадмаг хийдэг байлаа. Сэтгүүлч, зохиолчийн гайхалтай хослол түүний бүтээлээс харагддаг байв. Генрих Боровик ч Юлиан Семёновт бүтээлчээр атаархдаг байсан гэдэг. Кубын тухай “Дүрэлзсэн тив” зэрэг хэд хэдэн кино хамтарч хийсэн баримтат киноны нэрт мастер Роман Кармений хичээл зүтгэлээр Боровик зохиолчдын зусдаг газарт байртай болж л дээ. Дараа нь Юлианыгаа ч ятгасаар байгаад энд авчирч, тэд хотод төдийг үй “хөдөө” ч хөрш байх болсон байна. Юлиан бичих ажлаа өглөө их эрт хийдэг хүн байв. Нэг удаа Боровик сайхан зүүдлээд л ид унтаж байтал Юлианы бичгийн машины дуу пулемётоор шүрших мэт тачигнаад явчихав гэнэ. Цаг харвал 06.00. Боровик тэр дороо босож хувцаслаад би ч бас ажлаа өдийд хийж байдаг юм гэж мэдүүлэх санаатай цонхоо дэлгэж орхитол тоншуул мод “балбаж” байх нь тэр. Бичгийн машин цохихтой эгээ нэг дуутай байсан аж. Үүнийг сүүлд нь Юлианд ярьж хоёул элгээ хөштөл инээлдсэн гэдэг.
Генрих Боровик АПН агентлаг хийгээд “Литературная газета” сонины сурвалжлагчаар ажиллахаар 1966 онд гэр бүлийн хамт Америкт очжээ. Юлиан эх орондоо бүтээлээ туурвисаар ид нэрд гардаг дээрээ тулаад, “Хаврын 17 учрал” кино нь дэлгэцнээ гарч толгой эргэм амжилт олж байв. Штирлиц, Мюллер, Шлаг ламтан, холбоочин эмэгтэй Кэт... гэх нэрс олон зуун сая хүний амнаас салахаа больж байлаа. Гэтэл уг киног бүтээлцсэн, тоглосон бүх хүн төрийн хишиг хүртэхэд зохиогч нь ганцаар хоосон хоцров. Шагнагдаагүйдээ Юлиан юм бодсонгүй, харин шударга бус хандлагад хачин их харамссан байна. Нөгөө атаархагчдын урт хушуу л Брежневийн хүрээлэлд нэвтэрч чадсан хэрэг байх даа. 1980-аад оны дунд үеэс ЗХУ-д гайхалтай өөрчлөлт бий болж, уран бүтээлчдэд шинэ таатай боломж олдлоо. Ийм нөхцөлд Семёнов шинэ сонин гаргахаар шийдлээ.
Сонинд нь орлогч эрхлэгч хэрэгтэй болсон бөгөөд энэ ажилд Артём Боровикийг сонгов. Тэр үед Артём нэгэнт нэртэй сэтгүүлч болсон, түүний бичсэн ном, хийсэн телевизийн нэвтрүүлгүүд нь дэлхийд танил болж байлаа. Афганистан дахь дайны үнэн байдлыг өгүүлсэн “Нууцалсан дайн” гэдэг ном нь энэ үйл явдал зөв алхам байсан гэдэгт эргэлзээ төрүүлээд зогсоогүй түүнийг утга учиргүй болохыг нь хүмүүст хэлж өгсөн байлаа. Юлианы саналаас Артём татгалзсангүй. Энэ хоёр хүн чухам гар нийлж байв. Артём бол Генрих Боровикийн хүү юм. Хоёрхон жил болоход тэдний “Совершенно секретно” сониныг захиалан уншигчдын тоо нэг зуун мянгаас хоёр сая болтол нэмэгдсэн юм. Туйлын харамсалтай нь тэдний хамтран ажиллах зам богино байжээ. 1991 оны зун тэд нэгэн чухал уулзалтад оролцохоор машинаар давхиж явтал Юлианы бие гэнэт муудаж, ухаан алджээ. Үүнээс хойш Юлиан Семёнов гурван жил амьд байсан ч ярьж чаддаггүй болсон аж.
Хүний хэлснийг ойлгож буй бололтой баяртай нь аргагүй толгой дохино, хэлж буйг нь зөвшөөрөхгүй бол толгойгоо сэгсэрнэ, заримдаа нулимс ч гаргана... Түүнийг цаг бусаар өөд болохыг Фидель Кастрогийн дотно эмэгтэй нь байсан испани үзмэрч зөгнөн хэлсэн гэцгээдэг. Тэр эмэгтэйтэй уулзсаны дараа Юлиан нэг л хачин болчихсон, авгай нь уйлаад байжээ. Судас нь гэмтсэнээс нас барна гэж үзмэрч эмэгтэй Юлианд хэлсэн аж. Тэр ч ёсоор болсон гэж Ольга охин нь дурссан байдаг. Юлиан өөрөө ч айхтар зөнч, ийм юманд итгэдэг хүн байжээ. Нэг удаа Юлиан өөрийн найз жүжигчин Василий Ливанов руу шөнө дөлөөр утасдаж нэг шил архи аваад хүрээд ир. Учир шалтгааныг нь уулзаад хэлье гэжээ. Тэгээд хоёул нанчидаа зооглож суухдаа Юлиан “Өглөө би Алс Дорнод руу нисэх ёстой. Миний суусан онгоц дэлбэрэхийг би мэдэж байна” гэж гэнэ. Тэгээд энэ дэмий яриагаа болиод архиа уусаар байгаад нисэх буудалд сүрхий согтуу ирцгээж. Тэнд бас буудлын ресторанд ууцгааж. Энэ явдал мань хоёр цагдаагийн газар хүргэгдсэнээр төгсөж. Тэгтэл Юлиан архинаас болж сууж чадаагүй тэр онгоц осолдсон аж.
Бүтээл туурвилаас нь үүдээд Юлиан Семёновыг Улсыг аюулаас хамгаалах хороо (УАХХ)-ны нууц ажилтан байсан гэсэн яриа байдаг байсан. Өөрөө бол “Би ганц ч өдөр тагнуулч байж үзээгүй” гэдэг байсан ч зохиолчийн бага охин Ольга нь “Аавыг УАХХтой хэлхээ холбоотой байсныг үгүйсгэх нь утгагүй хэрэг. Тэрбээр энэ байгууллагатай хамгийн өндөр дээд төвшинд харилцаатай байсан. 60-аад оны эцсээр аавын бүтээлүүдийг Юрий Владимирович Андропов их сонирхож, дэмжих болсон” гэсэн байдаг. Жилд 2-3 удаа, тэгэхдээ хөрөнгөтөн орнууд руу, намын гишүүн бус мөртөө Семёнов явдаг байсан нь Андроповын ивээлтэй холбоотой нь эргэлзээгүй. Хожим нь ОХУ-ын Ерөнхий сайд байсан Евгений Примаков Семёновын оюутан цагийн анд нөхөр байсан юм билээ. Нэгэнтээ хамт амарч байсан хүмүүстээ “Та нар хэнтэй хамт сууж байгаагаа мэдэж байна уу. Би бол УАХХ-ны хурандаа, Евгений Максимович генерал” гэж Семёнов хэлж байсан баримт байдаг.
Казахстаны нэрд гарсан яруу найрагч Олжас Сулейменовыг улс төрийн учир шалтгаанаар баривчлагдах гэж байхад нь Юлиан Семёнов жинхэнэ тагнуулчийн арга барилаар хандаж түүнийг зуслангийнхаа байранд нуугдуулж байсан гэсэн яриа бий. Зохиолч хүн гэрийн мухар сахиж суух ёсгүй гэж Юлиан үздэг байв. Өөрөө ч ёстой л бядан явагчийн амьдралтай байж. Тэрбээр тийм бишсэн бол Латин Америкт байсан нацистын хорих газраар орж, нацистын томоохон гэмт хэрэгтэн Отто Скорцени, 150 хүнийг, тэр дундаа еврей бүсгүйчүүд, хүүхдүүдийг устгах тухай шийдвэр гаргаж байсан аймшигт хүн Вольфтой уулзаж чадахгүй байсан биз ээ. Энд нэрийг нь хэдэнтээ дурдсан Генрих Боровикийн тухай эцэст нь хэдэн үг нэмье. Энэ хүн тэртээ 1969 онд манай эх оронд анх хөл тавьсан юм билээ. Тэр жилийн намар НьюЙоркоос ээлжийн амралтаараа Москвад ирээд байхдаа бид ч сайн мэддэг байсан нэрт зохиолч Константин Симонов руу нэгэнтээ утасдсан чинь “Монгол руу явах гэж байна” гэж гэнэ. Ийм боломжийг алдахыг Боровик хүссэнгүй. Тэгээд л Монголд ирж Халх голын дайнд ялсны 30 жилийн ойн арга хэмжээнд оролцжээ.
Хоёр дахь удаагаа 1987 онд Монголд түүнийг ирэхэд “Залуучуудын үнэн” сонинд ажиллаж байсан миний бие уулзаж хэдэн үг солих завшаан тохиосон юм. Тэр үед Боровик гуай Зөвлөлтийн Энх тайвныг хамгаалах хорооны дарга байснаас социалист орнуудын ийм хороодын төлөөлөгчдийн Улаанбаатарт болсон уулзалтад оролцсон. Түүний бичсэн “БуэносАйрест хийсэн ярилцлага” гэдэг жүжгийг нь манай тайзнаа тоглосныг дуулгахад “Уран бүтээлч хүнд үүн шиг баяртай мэдээ яаж байх билээ” гэж байсан. Бас 1969 онд Монголд ирсэн тухайгаа эргэн дурсаж “Чойбалсан хотоос нэлээд хол Халх голын ойролцоо орших хөдөө нутгийн авсаархан, буйдхан ч гэмээр нэгэн суурингийн төвд хөдөлмөрчидтэй уулзаж билээ.
Хамт явсан монгол нөхдийн бидэнд хэлсэн шиг тийм хөлтэй уулзалт, уран зохиолын сайхан баяр яаж болоож дээ гэж би үнэнийг хэлэхэд дотроо чамлангуй байлаа. Гэтэл дэлхийн өндөр соёлтой гэгддэг өрнөдийн ямар ч оронд одоо хэр нь үзээгүйгээ энд үзсэн юм. Маш олон хүн цугларч, морь мал багширч, торгон дээл өмсөж бүсээ жавхайтал ороосон хөрслөг хүүхнүүд, чийрэг бадриун эрчүүд, сониуч зантай хөөрхөн хүүхдүүд, ихийг үзэж, олныг сонссон ахмад буурлууд цугласан байв. Монголчууд гэдэг юм бүхнийг дуулж мэдэх гэсэн их хүсэлтэй, өндөр соёлтой, ширгэшгүй авьяас билигтэй хүмүүс болохыг би яс махандаа хүртэл мэдэрч, дээрх бодлоосоо туйлгүй ичсэнсэн гэж билээ.
И.РЭНЧИНХАНД