2022 оны элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) улс даяар пүрэв гарагт Улаанбаатарын цагаар 10.00 цагт Монголын түүх хичээлээр эхлэх нь. Дөрвөн өдөр үргэлжлэх тус шалгалтад зориулан нийслэлд 22 байр бэлджээ. Энэ онд 36 425 шалгуулагч бүртгэлээ баталгаажуулсан нь өнгөрсөн жил дээрх тоо 40 420 байснаас буурсан үзүүлэлт юм. Элсэгчид шалгалтын байранд нэг цагийн өмнө ирж, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстойг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа. Хэрэв дурдсан хугацаанаас хожигдвол шалгалтад оруулахгүй аж. Шалгуулагч ирэхдээ иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ зайлшгүй авчрах ёстойг албаныхан сануулсан юм.
Бэлтгэсэн М.Мөнхжаргал