2021 онд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудын судалгаа гаргажээ. Дүүрэг, хороод, иргэдээс ирсэн судалгаагаар 25 байршилд ус ихээр тогтдог аж. Гэвч иргэд усны эрсдэлтэй бүс нутаг, үерийн аманд буусаар байгаа гэнэ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас жил бүр үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийн судалгааг гаргадаг. Уг судалгаанд дурдсанаар 2000 гаруй өрх үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан аж. Эдгээр айл гол горхи, булаг шандын голдиролд ган гачигтай, эсвэл урсацгүй болсон үед нь эрсдэлгүй гэж үзээд буудаг гэнэ. Тиймээс Геодези, усны барилга, байгууламжийн газраас эдгээр өрхөд зохих шатны арга хэмжээг авч, сэрэмжлүүлэг хүргүүлж эхэлсэн байна.
Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газраас нийслэлийн хэмжээнд үер усны бүх дуудлагыг авч, шаардлагатай арга хэмжээг үзүүлж ажилладаг. Дээр нь зам талбайн ус зайлуулах болон далан сувгийн эрсдэлийг бууруулах чиг үүрэгтэй. Гэвч тус байгууллага 141 хүний орон тоотойгоор ажилладаг гэнэ. 1.6 сая хүн амтай нийслэлд эл орон тоогоор ажиллах нь маш хүндрэлтэй аж. Тиймээс дуудлага, ачаалал ихтэй, үер усны эрсдэл ихээр үүсдэг улиралд машин механизм, хүн хүч нь хүрэлцдэггүй байна.