“Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн үйл явцтай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч дарга ноён Жиан Пьер Лакруа, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра болон Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын АУГ-ын дарга бригадын генерал С.Дашзэвэг, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, БХЯ-ны БХЗГ-ын дарга хурандаа Б.Түвшинтөр нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж танилцсан юм. Айлчлалын бүрэлдэхүүн эхлээд Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвөөр зочилж, “Монголын эмэгтэй энхийг сахиулагчдын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлага сургамж” хуралд оролцлоо. Дараа нь “Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн хичээлийн цэгүүдээр зочилж, сургалт бэлтгэлийн үйл явцыг үзэж сонирхсон. Үүний дараа “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сургалтад оролцож буй бүрэлдэхүүнтэй уулзаж, дурсгалын зураг татуулсан юм.
Ноён Жиан Пьер Лакруа энэ үеэр “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” нь дэлхийн нийтэд хамааралтай маш том агуулгатай сэдэв гэдгийг та бүхэн ухамсарлах хэрэгтэй. Энх тайвны үзэл санаан дор нэгдэн эмэгтэй цэргийн алба хаагчдын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо, туршлага сургамжийг хэлэлцэн байгаа та бүхэнд халуун баяр хүргэе. НҮБ-ын удирдлага, тэр тусмаа Энхийн ажиллагааны газар цэнхэр дуулгатан эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Энэ чиглэлд хийгдэж байгаа томоохон ажлуудын нэг нь энэ яахын аргагүй мөн. Тиймээс уг сургалтаар олж авсан мэдлэг тань та бүхний цаашдын энхийн төлөөх үйлсэд чухал ач холбогдолтой юм шүү” гэсэн юм. Мөн хөдөлгөөнт мэс заслын бүлгийн ажиллагаатай танилцаж, хээрийн байрлалд дэлгэгдэх боломжтой эм, эмнэлгийн хэрэгсэл, тонон төхөөрөмжүүдийг үзэж сонирхлоо. Тус өдөр “Хааны эрэлд-2022” сургуулийн нэгэн онцлог арга хэмжээ зохиогдсон нь Монголын өв соёл, ёс заншлыг сурталчлах бэсрэг наадам байлаа. Уг үйл ажиллагааатай ноён Жиан Пьер Лакруа тэргүүтэй албаныхан танилцаж, эрийн гурван наадмыг үзэж сонирхон, наадамд түрүүлсэн тамирчид, хурдан морь унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулснаар айлчлал өндөрлөсөн юм.