Бүх шатны боловсрол, сургалтын байгууллагын 2021-2022 оны хичээлийн жилийн хаалт өнөөдөр болно. Тодорхой хэлбэл, 2021-2022 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагын дэвшүүлсэн зорилго, зорилтын хэрэгжилт, үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн дүгнэх, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах чиглэлээр сайн туршлагыг багш, ажилтан, оюутан суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтэд нээлттэй тайлагнах өдөр ирлээ. Боловсрол, шинжлэх ухааны яам өнөөдөр нэгдсэн хуралдааныг танхим ба онлайн хосолсон хэлбэрээр хийх юм. Тухайлбал, БШУЯ-ны 401 тоот танхимд боловсролын бүх шатны багш, ажилтны төлөөлөл 80 хүн цугларч ажлаа тайлагнах бол, 21 аймаг, нийслэлийн бүх шатны боловсролын байгууллагын 1000 хүн онлайнаар оролцоно. Салбар хуралдааныг онлайн хэлбэрээр боловсролын түвшин бүрээр зохион байгуулах аж. Мөн мэдээллийг Боловсролын ерөнхий газрын фэйсбүүк хуудсаар дамжуулан бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, суралцагч, эцэг эх олон нийтэд нээлттэй дамжуулах юм байна.