Палестиний үндэсний автономийг бүрэн эрхт гишүүнээрээ элсүүлсэн ЮНЕСКО-д олгодог санхүүжилтээ зогсоох тухайгаа Канад улс мэдэгдлээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Жон Бэрдийн хэлснээр Палестинийг ЮНЕСКО-д элсүүлснээр Ойрхи Дорнод дахь зөрчил шийдэгдэхгүй, харин ч даамжирч болзошгүй гэнэ. Тийм ч учраас ЮНЕСКО-гийн эл шийдвэрийг дэмжиж чадахгүйгээ илэрхийлжээ. Канад улс жил бүр 10 сая ам.долларын санхүүжилтийг ЮНЕСКО-д олгодог байсан аж. Үүний өмнө тус байгууллагын төсвийн 22 хувийг бүрдүүлдэг санхүүжилтээ зогсоох тухайгаа АНУ мэдэгдсэн билээ. Үүний зэрэгцээ Израилийн эрх баригчид Иордан голын баруун эрэг, Зүүн Иерусалимд еврейн суурин барих ажлаа түргэсгэхээ онцлов. Мөн палестинчуудад үзүүлдэг тусламж, санхүүжилтээ зогсоохоо илэрхийлжээ.